Трансжендэр* эмэгтэй нь төрөхөд өгөгдсөн хүйс нь эрэгтэй хэдий ч өөрийгөө мэдэрч, тодорхойлж, нийгэмшин амьдарч буй хүйс нь эмэгтэй.

Трансжендэр* эрэгтэй нь төрөхөд өгөгдсөн хүйс нь эмэгтэй хэдий ч өөрийгөө мэдэрч, тодорхойлж, нийгэмшин амьдарч буй хүйс нь эрэгтэй.

Трансжендэр* хүмүүс өөрийгөө тодорхойлдог хүйсийн шинж тэмдгийг (жишээ нь, эрчүүдийн хувьд үс сахлаа ургуулах, дуу хоолойгоо бүдүүрүүлэх, эмэгтэйчүүдийн хувьд сүүний булчирхайгаа ургуулах буюу хөхтэй болох, арьсаа зөөлрүүлэх гэх мэт) олохын тулд дааврын эмчилгээнээс эхлээд бүх төрлийн мэс заслаар хүйсийн шилжилтэд орвол транссексуал гэж нэрлэгддэг. Хэдий тийм ч эдийн засгийн боломж, мэдлэг боловсрол, эрүүл мэндийн статусаас шалтгаалан хүйсийн шилжилтийн үйл явцад орох боломжтой ч хүмүүс байдаг, үгүй ч хүмүүс байдаг. Ямарваа эмчилгээ, мэс засалд орсон трансжендэр хүмүүсийг транссексуал гэдэг ч ийн онцлон нэрлэх нь тэгш бус байдлыг даамжирахад нэмэрлэнэ хэмээн үзээд сүүлийн үеийн транс эрхийн хөдөлгөөн нь трансжендэр хүн хүйсийн шилжилтэд орсон үгүйг илтгэдэггүй ерөнхий нэр томьёо “транс” хэмээх нэрийг бүх транс хүмүүс дээр ашиглаж эхлээд байна.Монгол Улсад хүйсийн шилжилтэнд орсон транссексуал хүмүүст бичиг баримтынхаа хүйсийн тэмдэглэгээг өөрчлөх боломж түүхэнд анх удаа 2009 оноос хойш бүрдэж, 2016 оны 3-р сарын 30-ны байдлаар энэхүү үйл явцаар хүйсийн шилжилтэд орсон 3 транссексуал хүн бичиг баримтынхаа хүйсийн тэмдэглэгээг өөрчилж, шинэчилсэн бичиг баримттай болсон.

Иргэний бүртгэлийн тухай хууль, 20.1-р зүйл “Монгол Улсын иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан, эсхүл байгалийн жамаар нэг хүйс нь давамгайлсан бол энэ тухай эмнэлгийн магадлагааг үндэслэн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэж, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг шинэчлэн олгож болно.”

Хууль, эрх зүйн статусаас гадна транс хүмүүсийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал Монголд ямар байна вэ? ЛГБТ Төвийн 2009 оны чанарын судалгаа болон 2013 оны тоон судалгааг харвал транс байдлаасаа үүдэн ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн хүмүүс судалгаанд оролцсон хүмүүсийн 90% гаруй байсан бол транс байдлаасаа үүдэн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, өөрийн сонгосон ажил хөдөлмөр эрхлэх, орон байртай байх гэх мэт эрхүүд их багаар зөрчигдөж байсан хэмээн хариулсан нь 70% гаруй байсан. Транс эмэгтэйчүүд болоод транс эрэгтэйчүүдэд тулгамдаж буй эн тэргүүний асуудлуудад эрүүл мэнд (хүйсийн шилжилттэй холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ болон хүртээмж буюу дааврын эмчилгээний үнэ), ажил хөдөлмөр (транс байдлаасаа болж ажлаасаа халагдах нь маш энгийн үзэгдэл), боловсролын (орчин тойрны хүмүүсээс ялгаварлах, үг хэлээр доромжлох асуудлаас болон багш нарын зүгээс дүнгээр боосноос болж сургуулиаса гарах) асуудлууд орж байсан. Хэчнээн эрх зүйн хувьд хүйсийн шилжилтэнд орсон хүмүүс албан ёсоор хүйсийн тэмдэглэгээгээ өөрчлөх боломж байгаа хэдий ч хүйсийн шилжилтэд орох боломж нь эдийн засаг, мэдлэг мэдээллийн хувьд хаагдмал байгаа, нэгэнт хүйсийн шилжилтэд ороод амьдарч буй транс хүмүүсийн нийгэм эдийн засгийн эрхүүд нь ноцтой зөрчигдсөөр байгаа нь илэрхий байна.

МЭДЛЭГЭЭ САЙЖРУУЛЖ, ТРАНС БАЙДЛЫГ ОЙЛГОХОД ЦАГ ГАРГАСАН ТАНД БАЯРЛАЛАА

©ЛГБТ ТӨВ НҮТББ, 2017 ОН

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДАН АШИГЛАХ ЭРХ НЭЭЛТТЭЙ

Трансжендэр байдлын тухай мэдэхийг хүссэн бүгдийн тухай асуулт хариулт

Хүн бүр төрөхөөсөө өөрийн хүйсийн хамаарлын тухай гүн бат мэдрэмжтэй байдаг. Үүнийг хүйсийн баримжаа гэдэг. АНУ, Канад, Баруун Европ гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгцээнд суурилсан, хүртээмжтэй болох хэрээр хүн амын 99% нь өөрийн хүйсийг төрсөн хүйстэйгээ ижил мэдэрдэг ба 1% нь өөрийн хүйсийг төрсөн хүйсээсээ өөрөөр болон эсрэгээр мэдэрдэг нь судлагдсан байдаг ба үүнийг трансжендэр, товчоор транс байдал гэдэг. Тэгэхээр Монголд доод тал нь 1,500 транс эмэгтэй, 1,500 транс эрэгтэй байгаа гэсэн үг. Цаашлаад шинжлэх ухаан транс хүйсийн баримжаа нь биеийн хүйс болон тархины хүйс зөрчилдсөн учраас үүсдэг биологийн үндэстэй үзэгдэл болохыг олон арван нарийн судалгаагаар судласан байдаг.

Трансжендэр байдлын эсрэг байдлыг сизжендэр байдал гэдэг. Энэ нь латин “ижил” гэсэн үг ба хүн өөрийн хүйсийг төрсөн хүйстэйгээ ижил мэдрэхийг хэлж буй хэрэг. Хүн амын 99% нь сизжендэр байдаг.

Хүйсийн баримжаа нь хүн өөрийн хүйс, биеэ мэдрэх гүн гүнзгий, төрөлхийн мэдрэмж учир хүүхэд маш бага наснаасаа үүнийгээ мэдэрч, илэрхийлж байдаг. Хүйсийн баримжаа ихэнхдээ хүүхдийн бага насанд илрэх ч транс байдал илрэх тодорхой насыг заах боломжгүй. Хүйсээ төрсөн хүйстэйгээ ижил хэмээн мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг сизжендэр гэдэг бол хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр, эсрэгээр мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг трансжендэр гэдэг. Даавар болон мэс заслын аргаар шилжилтэд орсон хүнийг транссексуал гэнэ. Транс хүүхэд, залуучуудын тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу.

Ямарваа зүйлийг өвчин, эмгэг хэмээн тооцох нь шинжлэх ухааны шалтгаантай эсвэл үзэл суртлын шалтгаантай байдаг. Жишээ нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг АНУ-ын Сэтгэцийн эмч нар болон Сэтгэл зүйн нийгэмлэгээс 1973 онд сэтгэцийн эмгэг биш хэмээн эмгэгийн жагсаалтаас хассан ч энэ үйл явц олон улсын байгууллагын буюу НҮБ-ын түвшинд хүнд суртал болон үзэл суртлын давааг дамжсаар дөнгөж 1990 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг албан ёсны олон улсын эмгэгийн жагсаалтаас гарсан байдаг. 2017 оны сүүл, 2018 оны эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Өвчин эмгэгийн олон улсын ангиллын 11-р жагсаалтыг гаргахаар ажиллаж байгаа үүнд транс хүмүүсийн хүйсийн шилжилттэй холбоотой эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй үлдээх үүднээс л шинэ 6-р бүлгийг түүхэнд анх удаа нэмж, “хүйсийн тавгүйцэл” хэмээн үлдээж, транс байдлыг эмгэг хэмээн үзэхгүй байх үүднээс нь ажиллаж байна.

Хүн бүр өөрийн хүйсийн тухай гүн бат мэдрэмжтэй байдагтай адил хүн бүр хүнд татагдах, дурлах, хайрлах төрөлхийн зөн совинтой буюу бэлгийн чиг баримжаатай байдаг. Өөрийн хүйсийг төрсөн хүйстэйгээ ижил мэдэрдэг сиз хүмүүс стрэйт, гей, лесбиян, бисексуал байдагтай адил транс хүмүүс ч стрэйт, гей, лесбиян, бисексуал байдаг. Транс хүмүүс ч, сиз хүмүүс ч аль нэг бэлгийн чиг баримжаанд хамаарах мэдрэмжтэй байдаг.

Хүйсийн шилжилт нь бүх насаар хийгдэх ёстой дааврын эмчилгээнээс авахуулаад бие эрхтэн, цаашлаад гоо сайхны гэх мэт олон төрлийн хагалгаа шаардсан үйл явц. Тухайн транс хүний суурь эрүүл мэндээс шалтгаалаад сиз хүмүүсийг бодвол дааврын болон бусад эмчилгээтэй холбоотой эрсдлүүд илүү байдаг. Гэхдээ транс хүмүүсийн ихэнх нь өөрийн хүйсийг төрсөн хүйсээсээ дэндүү өөрөөр мэдэрдэг учир эдгээр эрүүл мэндийн болон нийгмийн зүгээс ирэх эрсдлийг даван хүйсийн шилжилтэд орохыг эрт орой хэзээ нэг цагт сонгодог.

Одоогийн байдлаар Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд транс хүмүүсийн онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ, эмчилгээ маш хязгаарлагдмал буюу бараг байдаггүйгээс гадна хүйсийн шилжилттэй холбоотой анхдагч эрүүл мэндийн хэрэгцээ болох сэтгэцийн эрүүл мэндийн асуудал шийдэгдээгүй байдал, дааврын эмчилгээ нь даатгалд бүрэн багтах ёстой олон улсын жишгийг хараахан хуульчлаагүй байдал, хүмүүсийн дунд транс байдлыг зөвхөн төрсөн хүйсээсээ эсрэг хүйсийн хувцас өмсдөг төдийхнөөр ойлгодог буруу ойлголт түгээмэл тул олон төрлийн хүчирхийлэлд өртөхөөс эхлэн эрүүл мэнд болон санхүүгийн хувьд үнэтэй үйл явц. Цаашлаад Монголд хүйсийн шилжилтээр мэргэшсэн дотоод шүүрлийн эмч байдаггүй тул анх дааврын шилжилтэд ороход тавигдах ёстой нарийн хяналт тавигддаггүйгээс эрүүл мэндийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс хүйсийн шилжилтэд орох ёстой хэмээн үзэж буй хүмүүс одоогоор заавал ЛГБТ Төвөөс эрүүл мэнд болон эрх зүйн зөвлөгөө, туслалцаа авах шаардлагатай байдаг.

Сиз хүнээс түүний эрүүл мэндийн талаар асуухыг хүсдэг, соёлын хувьд асуух боломжтой асуултуудыг транс хүний шилжилтийн талаар асууж болно. Харин хүмүүс бие биенийхээ бэлэг эрхтэний тухай асуудаггүйтэй адил тухайн хүн транс л учир түүний хувийн орон зайд халдаж, түүнийг болон өөрийгөө тэнэг байдалд бүү хийгээрэй. Транс хүмүүс хүйсийн шилжилтийнхээ талаар бусдад нээлттэй ярихыг хичээдэг нь хүмүүс транс байдлын талаар мэдлэг мэдээлэлтэй болоосой гэсэн үүднээс байдаг. Харин үүнийг нь далимдуулан хэт хувийн асуулт тавьбал хариулт сонсохгүй л болов уу.

Хаана ч хэзээ ч транс хүн байна гэдэг хүнд. Учир нь ухаан орох цагаас өөрийгөө мэдрээд байгаа хүйсээс өөр хүйсийн бие өгөгдсөнийг мэдэрч явна гэдэг транс хүмүүст асар их сэтгэл зүйн дарамт болдог. Төрсөн хүйс чинь эрэгтэй байхад чамайг хүн бүр, өдөр бүр “Чи эмэгтэй” гэж хэлж байна гээд төсөөл дөө. Чи өөрийнхөө хүйсийг мэдээд байхад бие чинь ч өөр, хүмүүс түүнийг чинь харж байгаа нь ч өөр ба чиний мэдэрдэггүй хүйсэнд тулгуулан амьдарч байна гээд төсөөлөөрэй. Энэ ч утгаараа транс хүмүүс хүйсийн шилжилтээсээ өмнө илүү уур уцаартай байгаад хүйсийн шилжилтдээ орохоороо хамаагүй тайвширч эхэлдэг. Тиймээс транс хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд транс ч бай, сиз ч бай, ямар ч хүнд Монгол Улсын хууль адил үйлчилдэг тул хууль зөрчсөн үйлдлийг харсан бол хохирогчид туслалцаа үзүүлэх, халдлага үйлдэж буй этгээдийг саатуулах, түүний эсрэг гэрчийн мэдүүлэг өгөх нь иргэний үүрэг гэдгийг сануулья.

Үгүй, төрсөн хүйсээсээ эсрэг хүйсийн хувцас өмссөн хүн бүр транс биш. Төрсөн хүйсийнхээ хэм хэмжээнээс халин амьдарч буй хүн бүр транс биш. Сиз гей залуучууд энтертэйнмент зорилгоор эмэгтэй хувцас өмсөн, дуулж бүжиглэн, ам барих урлагийг драг урлаг гэдэг ба энэ нь транс байдалтай огт хамаагүй. Мэдээж драг хийж байгаад өөрийн хүйсийн баримжааг илүү сайн ойлгосон транс хүмүүс байдгийг бас үгүйсгэшгүй. Жишээ нь Рупоолын драг рэйст орж байсан драг үзүүлбэр үзүүлдэг байсан, тухайн үедээ өөрсдийгөө гей хэмээн тодорхойлдог байсан дөрвөн ч хүн (2017 оны 6-р сарын байдлаар) энэ шоуны явцад өөрсдийн транс байдлыг илүү гүн гүнзгий ойлгон, хүлээн зөвшөөрч, хүйсийн шилжилтэд орсон байдаг.

Үгүй, драг күийн гэдэг нь сиз эрчүүд эмэгтэй хувцас өмсөх, үзүүлбэр үзүүлэх нэгэн төрлийн үйлдлийн урлаг. Харин сиз эмэгтэйчүүд эрэгтэй хувцас өмсөх, үзүүлбэр үзүүлэхийг драг кинг хэмээн нэрлэдэг. Драг күийнуудыг транс эмэгтэйчүүдтэй андуурмаар боловч тухайн драг үзүүлж буй хүн өөрийн хүйсийг төрсөн хүйстэйгээ ижил мэдэрч тодорхойлдгоор л ялгаатай. Харин драг кингуудыг транс залуучуудтай андуурмаар ч тухайн хүний өөрийн хүйсийг төрсөн хүйстэйгээ ижил мэдэрч тодорхойлдгоор л ялгаатай. Драг күийн бол сиз эрэгтэй хүн гэдгээ мэддэг. Драг кинг өөрийгөө сиз эмэгтэй гэдгээ мэддэг.

Транс хүн хүйсийн шилжилтдээ ямар ч хэмжээгээр орсон ч бай, ороогүй ч бай, өөрийгөө транс хэмээн илэрхийлсэн тохиолдолд тухайн хүнийг төрсөн хүйсээр нь дуудна гэдэг хамгийн том доромжлол. Ингэсэн тохиолдолд тухайн транс хүн өөртэй чинь дахин дуугарахгүй байвал бүү гайхаарай. Транс хүмүүсийн тархины хүйс нь өөрийгөө тодорхойлдог хүйстэй нь эмнэлгийн ажилбар, дааврын эмчилгээнээс ч өмнө ижил байдаг нь тухайн хүн нь бүхэлдээ өөрийгөө тодорхойлж буй хүйсийнх гэдгийг нь батладаг. Гэтэл тухайн хүний бодит байдлыг албаар үгүйсгэнэ гэдэг нь байж боломгүй доромжлол юм. Монголд одоогоор зарим боловсрол, хүн чанар нимгэн транс эмэгтэйчүүд ялангуяа бусад транс хүмүүсийнхээ бодит байдлыг бүрэн үгүйсгэж, үг, үйлдлээр хүчирхийлэл үйлдэхдээ бусад транс хүмүүсийг төрсөн хүйсээр нь дуудаж, доромжилдог нь хэрхэвч хүлээн зөвшөөршгүй асуудал. Цаашлаад дааврын шилжилт болон мэс заслын хагалгаанууд хийлгэсэн транс хүн сиз хүнтэй ижил харагдах, сонсогдох түвшинд очдог учир тухайн хүн транс байдлаа сануулахгүй л бол хүмүүс харах, мэдэх боломжгүй болдог. Транс эр бол бие махбодоор жоохон өөр төрсөн эрэгтэй хүн. Транс эм бол бие махбодоор жоохон өөр төрсөн эмэгтэй хүн.

Андрея Пейич (Австралийн загвар өмсөгч)

Айзис Кинг (АНУ-ын загвар өмсөгч)

Алексис Аркетт (АНУ-ын жүжигчин)

Амаанда Лэпоор (АНУ-ын поп соёлын айкон)

Атаару Накамуура (Японы дуучин)

Аяа Камикава (Японы улстөрч)

Балиян Бушбаум (Германы тамирчин)

Бэн Баррэс (АНУ-ын невробиологич)

Даана Интернэшнл (Израилийн дуучин)

Жаанэт Моок (АНУ-ын зохиолч)

Жиа Ганн (Drag race-ийн оролцогч)

Жийгли Калиентэ (Drag race-ийн оролцогч)

Жийна Росээро (АНУ, Филиппины загвар өмсөгч, идэвхтэн)

Жоржийна Байер (Шинэ Зеландын улстөрч)

Каармэн Каррээра (Drag race-ийн оролцогч)

Лавээрн Кокс (АНУ-ын жүжигчин)

Лана ба Лиллий Вачовски (Матриксын найруулагчид)

Лээзлий Файнбэрг (АНУ-ын үйлдвэрчин ба хөдөлмөрийн эрхийн идэвхтэн)

Лиа Т (Бразилийн загвар өмсөгч)

Лоорэн Рэкс Камерон (АНУ-ын зурагчин, идэвхтэн)

Люүкас Силвэйра (Канадын дуучин, хөгжимчин)

Мооро Кабраал (Аргентины судлаач, идэвхтэн)

Патрик Калифия (АНУ-ын зохиолч, идэвхтэн)

Полийн Парк (АНУ-ын транс эрхийн идэвхтэн)

Роокий Катаастрофий Кайяатос (АНУ-ын хипхоп дуучин)

Харису (Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин)

Чааз Боно (АНУ, Шэрийн хүү)

Чээлси Маннинг (АНУ-ын цэрэг, шүгэл үлээгч)

Саара Браун (Их Британий улстөрч)

Силвия Ривээра (АНУ-ын транс эрхийн активист)

Сонийк (Drag race-ийн оролцогч)

Томооя Хосоода (Японы улстөрч)

Юан Фоорбс (Их Британий язгууртан)