“ЛГБТИ эрхийн хөдөлгөөний түүх” булангаараа бид дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТИ эрхийн хөдөлгөөнд үнэмлэхүй нэмэр болсон хүмүүсийн тухай нийтлэж байгаа билээ. 2017 оны 5-р сарын 24-нд Тайваны Үндсэн хуулийн цэц гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд хэмээн заасан Иргэний хуулийг тэгш байдлын зарчмыг зөрчсөн хэмээн хуулинд өөрчлөлт хийх шийдвэрийг парламентад даалгасан шийдвэрийг гаргасан түүхэн мөч байсан билээ. Тэгвэл энэ үйл явдлын цаана ямар хүн эсвэл хүмүүс байв? Энэ удаа та бүхэнд Тайваны ЛГБТИ эрхийн идэвхтэн Чи Чиа-Үэйн тухай хэд хэдэн эх сурвалжаас эмхэтгэн хүргэж байна.

“Цагаан айдас” нэр хүртсэн 40 жилийн цэргийн дэглэмт үед буюу 1986 онд 28 настай Чи Чиа-Үэй тухайн үед толгойд үл буум зүйл хийсэн нь гей гэдгээ нийтэд зарласан явдал байв. Тэрээр ийн зарласныхаа төлөө 162 хоног хоригдсон ба өр зөөлөн шүүгч түүнийг нулимс дүүрэн нүдтэйгээр өршөөж сулласан гэдэг. Анх тэрээр гэр бүл, найзуудынхаа дунд өөрийгөө 1975 онд нээлттэй илэрхийлжээ. Хүний эрхийн хөдөлгөөнд ХДХВ-тэй хүмүүсийн эрхийн төлөө ажиллаж орсон тэрээр ЛГБТК хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч болсон юм. 2016 онд Күийрмоза шагналын “Анхдагч” шагналыг Чи Чиа-Үэйд олгосон аж. Шагналыг үүсгэгч Жей Лин хэлэхэдээ “Чи бол Тайваны гей эрхийн хөдөлгөөнийг үүсгэгч. Өнөөдөр ч тэрээр бахархлын тугаа жагсаал цуглаан дээр намируулдаг ба залуу үеийнхэн түүнийг хараад л урам зориг авдаг.”

Чи Чиа-Үэй өнгөрсөн 30 гаруй жилийн турш тухайн үеийн авторитар дэглэмт засгийн газрын бодлогыг эсэргүүцэн ЛГБТК хүмүүсийн эрхийг нийгэм болон эрх зүйн хувьд эдлүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн гей хүн юм. Тэрээр 1988 оноос хойш ханилсан нөхөртэйгээ албан ёсоор гэрлэхийн тулд олон удаа шүүхэд хандсан ба эцсийн аргаа хэрэглэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөвхөн Чи Чиа-Үэй болон олон мянган ЛГБТК хүмүүсийн өргөдөл, шаардлагаас шалтгаалсангүй, Тайпей хотын захиргаанаас Тайван Улсын гэрлэлтийн хуульд тайлбар хийлгэх өргөдөлтэй мөн холбоотой байжээ. 2016 оны 12-р сарын 26-наас хойш Тайпей хотын захиргаа ижил хүйсийн хосуудад иргэний гэр бүлийн гэрчилгээг олгож эхэлсэн ч эдгээр нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус байсан юм. Тайваны ижил хүйсийн гэрлэлтийг батлахын эсрэг цөөн тооны христийн сүмүүд АНУ-ын хэт консерватив сүмүүдтэй нийлэн нарийн зохион байгуулалттай суртал ухуулга хийсээр ирсэн ч нийгмээрээ ЛГБТК хүмүүст хандах хандлага маш эерэг болсныг 2016 оны 12-р сард Тайпей хотноо болсон ижил хүйсийн гэрлэлтийг дэмжсэн жагсаалын 250 мянган оролцогч батлажээ.

2017 оны 5-р сарын 24-нд 2 сар хуралдсаны эцэст Тайваны Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасны дараа Чи “Үсээ бууралтталаа хүлээлээ, тэмцлээ, харин одоо би шувуу шиг л харайж байна, би тийм их жаргалтай байна. Үнэхээр урт удаан тэмцэл байлаа, одоо нэг сайхан унтаж амармаар байна” гэжээ. Тэрээр мөн ЛГБТК хүмүүсийн эрхийг үгүйсгэн эсэргүүцдэг хүмүүстэй ярилцах, гүүр босгох нь чухлыг ЛГБТК хүмүүстээ сануулсан юм.