“ЛГБТИ эрхийн хөдөлгөөний түүх” булангаараа бид дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТИ эрхийн хөдөлгөөнд үнэмлэхүй нэмэр болсон хүмүүсийн тухай нийтлэж байгаа билээ. 2009 оны 2-р сарын 1-нд Исланд Улс нээлттэй ЛГБТИ Ерөнхий сайдтай болсон дэлхийн анхны улс болсон ба түүнийг Ёоханна Сийгүрдардоттир гэдэг. Ёоханна Сийгүрдардоттирын тухай мэдээг Wikipedia-гаас орчуулан хүргэж байна.

Ёоханна Сийгүрдардоттир нь 1942 оны 10-р сарын 4-нд Рейкьявик хотод төрсөн, Исланд Улсын анхны эмэгтэй, дэлхийн анхны төрийн тэргүүн лесбиян, ЛГБТИ төлөөлөл юм. Сийгүрдардоттир нь 1970 онд Порвалдур Стайнар Ёоханнесонтой гэрлэж, 2 хүү төрүүлсэн ч хүүхдүүдээ том болоход өөрийн жинхэнэ бэлгийн чиг баримжаа, сэтгэл зүрхээ даган 1987 онд гэрлэлтээ цуцлуулаад Ёонийна Леосдоттиртай иргэний гэр бүл болж, Исландад ижил хүйсийн гэрлэлтийн хууль батлагдсаны дараа 2010 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ.

Сийгүрдардоттир 1960 онд техник мэргэжлийн сургууль дүүргэн, онгоцны үйлчлэгчээр ажиллах үеэсээ үйлдвэрчний эвлэлд идэвхтэн, ажилтнаар ажиллажээ. Тэрээр 36 насандаа Социал демократ намаас Исландын парламентад 1978 онд сонгогдсоноосоо хойш 2012 онд тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Сийгүрдардоттир 1987-1994, 2007-2009 онуудад Исландын Нийгэм хамгаалал, нийгмийн асуудлын сайдаар ажиллахдаа хөдөлмөрийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийг голлон ажилласан юм. Энэ гайхалтай эмэгтэй хэд хэдэн “анхдагч” нэрийг зөвхөн Исландын анхны эмэгтэй төрийн тэргүүн, дэлхийн анхны нээлттэй ЛГБТИ төрийн тэргүүнээрээ зүүдэггүй. Тэрээр 2012 онд тэтгэвэрт гарах үедээ Исландын хамгийн урт хугацаанд сонгогдож ажилласан парламентч байсан ба 2008 оны дэлхийн санхүүгийн хямралд хамгийн эхэнд өртсөн Исландыг хямралаас гаргах нарийн шийдлүүдийг олж чадсан, хямралд хүргэсэн өмнөх Ерөнхий сайдыг шүүхээр гэм бурууг нь хүлээлгэж, хариуцлага тооцож чадсан нэн чадварлаг улстөрч гэдгээрээ алдартай.

Сийгүрдардоттир Ерөнхий сайдаар сонгогдоод эх орныхоо эдийн засгийн асуудлыг зөвхөн анхаараад зогссонгүй. Тэрээр 2010 оны 6-р сарын 27-нд ижил хүйсийн гэрлэлтийг хууль ёсны болгож, 1985 оноос хойш ханилсан Ёонийна эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулсан Исландын анхны ижил хүйсийн хосуудын нэг болсон юм. Сийгүрдардоттирын амьдралын сүүлийн 32 жилийн хань, эхнэр, зохиолч Ёонийна Леосдоттирын 2014 онд өгсөн ярилцлаас мөн хүргэж байна. Тэд бие биеэ хайрласан харилцаанд байсан үеийн талыг тусдаа амьдарч өнгөрөөсөн нь Сийгүрдардоттирын парламентчийн карьерт нөлөөлнө гэсэн айдсаас болсон аж.

“Бид айдсаар дүүрэн байсан учир хоёулханаа л, их л тусгаарлагдсан байдаг байсан. Би “Хүлээсээр байж чадахгүй” гээд уурлаад, бөөн юм болоод л, хаалга саваад л гардаг байлаа.”

2000 онд хос хамт амьдарч эхлэхэд ямар ч сөрөг хандлагатай тэр хоёр тулгарсангүй. Медия ч хосын ярилцлага өгөхгүй байх шийдвэрийг нь хүндэтгэж байв. Ёонийнагийн бодлоор хүмүүс дургүйцээгүй нь тэр хоёр настай, цагаан арьстан эмэгтэйчүүд байсанд гэж үздэг. 2012 онд тэтгэвэрт гарсных нь дараа Сийгүрдардоттирын эхнэр 2013 онд “Ёоханна бид хоёр” дурдатгал номыг бичсэн нь залуу үед болон нийгэмд мессеж хүргэх зорилготой байжээ.

 

 

“Энэ бол сонголт огт биш. Сонголт байсан бол үүнийг хэн сонгох юм бэ, баярлалаа үгүй.”

Леосдоттир, Сийгүрдардоттир нар нэг байнгын хороонд ажиллаж байхдаа танилцсан ба жилийн хугацаанд Ёонийна Ёоханнад дурлаж байгаагаа мэджээ.

“Надад тийм зүйл тохиолдоно гэж би огт төсөөлж ч байгаагүй. Нас биед хүрчихсэн, төлөвшихсөн хүний хувьд хүн өөрийгөө мэддэг. Анх удаа гэтэл эмэгтэй хүнд дурласан.”

Тэрээр залуудаа лесбиян хүн таньдаггүй ч тэднээс үхтлээ айдаг байсан хэмээн инээдэг.