1452 оны 4-р сарын 15-нд Вийнчи сууринд төрсөн Леонаардо да Вийнчи нь Сэргэн мандалтын үеийн гоц төлөөлөл байсан билээ. Түүний сониуч зан ба суу билэг, ажиглалт ба туршилт нь инженерчлэл, уран барилга, математик, анатоми, хараа зүй, одон орон судлал, геологи, биологи, гүн ухаанд шинэ нээлтүүдийг хийхэд нь тусласан. Түүний урлагийн бүтээлүүд ба зохион бүтээлүүд нь тухайн цаг үеэсээ дэндүү дэвшилтэт байжээ.

15 настай да Вийнчиг Андрээа дэл Вэрроочио өөрийн дагалдангаар хөлслөсөн ба түүнтэй Флорээнцэд ажиллаж байхдаа да Вийнчи уран зураг, уран баримал, зураг төслийн аргуудад суралцсан байдаг. 1472 онд да Вийнчи Флорээнцийн зураачдын холбоонд гишүүнээр орсон. Түүний “Мона Лийза”, “Сүүлийн зоог”, “Хадны дундахь дарь эх” бүтээлүүд нь хамгийн алдарт бүтээлүүд билээ.

Зураг төслийг нь тооцоолох боломж ч байгаагүй тэр үед да Вийнчи нисдэг тэрэг, хуягт танк гэх мэтийг зохион бүтээж, тектоникийн хөдөлгөөний талаарх анхдагч суурь онолыг боловсруулсан байдаг. Түүнээс үлдсэн 40 тэмдэглэлийн дэвтрээс 31 нь одоо ч хадгалагдсаар байдаг ба уран зураг, уран барилга, механик, галт зэвсэг, хүний анатоми, геофизик, ургамал судлал, гидрологи, аерологийн олон ажиглалт, нээлтийг багтаасан байдаг.

Да Вийнчигийн хувийн амьдралын талаар олон зуун жил хүмүүс гайхсаар ирсэн ч түүний тухай бичигдэн үлдсэн зүйлс, өөрийнх нь тэмдэглэлүүдээс эмэгтэй хүмүүстэй ямарваа харилцаагүй байсан ба гей байсан, эсвэл насаараа ямар ч бэлгийн харилцаагүй явсан нь харагддаг. Дагалдангаар ажиллаж байхад нь эрэгтэй биеэ үнэлэгчтэй унтсан тухай нь 1476 онд хааны ордноос шүүхэд дуудсан байдаг ч хэргийг жилийн дараа хэрэгсэхгүй болгон хаажээ. Тэрээр тухайн үедээ маш өндөрт тооцогддог 173 см өндөр, маш царайлаг, тухайн үеийн эрчүүдээс эрс ялгаатай нь тэдний өмсдөг урт өмсгөл бус, богино өмсгөл, хар бараан биш, өнгөлөг өнгийн хувцас өмсдөг байснаас гадна ихэнх эрчүүд богино үстэй байсан үед тэрээ мөр хүрсэн урт үстэй байжээ. Түүний гоо үзэсгэлэн, өгөөмөр сэтгэл, суу билэг ухааныг Сэргэн мандалтын үеийн Итали бүхэлдээ мэддэг байсан ба хамгийн дотны харилцаатай байсан хүмүүс нь түүнд хүүхэд ахуйгаасаа шавь орсон Мээлци, Салаай нар нь байжээ. Да Вийнчи 1519 оны 5-р сарын 2-нд нас барсан.

Эх сурвалж: LGBT History Month, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв