Ватиканы Хэвлэл мэдээллийн хэлтэст зөвлөхөөр томилогдсон есүит лам, эцэг Жеймз Маартин 2017 оны 5-р сарын 6-нд “Хүн төрөлхтөний тодорхой хувь нь ижил хүйстэн учир гэгээнтнүүдийн зарим нь ч мөн ижил хүйстэн байсан нь гарцаагүй. Диваажинд очиход чинь ЛГБТ хүмүүс та нарыг тосож авахад бүү гайхаарай” хэмээн жиргэсэн нь нэгэн түүхэн хуудсыг нээсэн билээ. Христийн шашны олон урсгалд тэгвэл ямар ямар ЛГБТ хүмүүс бичигдэн, өнөөг хүртэл гэгээнтэн хэмээн шүтэгдсээр ирсэн тухай орчуулан хүргэж байна.

Ривоогийн Ээлрэд (1109–1167)

Хамгийн их хайрлагддаг энэхүү гэгээнтэн нь анд нөхөрлөлийн гэгээнтэн хэмээн үзэгддэг ба зарим түүхчид түүнийг гей хэмээн үздэг. Түүний “Сэтгэлийн анд нөхөрлөл” хэмээх бүтээл нь хүний хайр ба сэтгэлийн хайрын холбоог харуулсан шашин судлалын үндсэн үгүүллүүдийн нэгт тооцогддог. Хэчнээн Ээлрэд хамба лам гэрлэлтээс гаднах бүх төрлийн бэлгийн хавьтлыг зүй бус хэмээн үздэг байсан ч түүний эрчүүдэд эротик байдлаар татагдах нь түүний амьдралын үндсэн шинж байсан хэмээн Йелийн Их сургуулийн түүхч Боосвэл бичижээ.  

Ааркийн Жаанна (1412–1431)

Эрэгтэй хүний хувцастай, Английн эсрэг 100 жилийн дайны үед цэргүүдийг удирдан тулалдсан түүнийг эм хүйстэн ч эр хүйсийн хувцас өмссөн, бурхны эсрэг номлосон хэмээн яргалж, шатааж алсан байдаг ч нас барсных нь дараа 1456 он гэхэд түүнийг цагаатгасан. 19-р зууны эхээр Наполеон Бонапаарт түүнийг Францын билэг тэмдэг болгосон ба 1909 оноос хойш католик сүмийн гэгээнтэн хэмээн тооцогддог.  

Ээзили Даантор (Эрзүүли Ваантор)

Польш гаралтай католикчууд Честочовагийн хар дарь эхийг Гаитид шүтэж эхэлжээ. Лесбиянуудын ивээдэг гэгээнтэн хэмээгддэг дарь эх Гаитийн эмэгтэй бурхан Вүүдүү, хар дарь эхийн холимог аж.

Клэрвоогийн Бэрнаар (1090–1153), Армаагийн Малээки (1094–1148)

Хоёр лам насаараа маш дотны нөхөрлөлтэй байжээ. 1190 онд гэгээнтэн хэмээн хүлээн зөвшөөрөгдөх Малээки Бэрнаарын тэвэрт сүүлийн амьсгалаа авснаас хойш Бэрнаар үлдсэн насаараа түүний хувцсыг нь өмссөн гэдэг. Бэрнаарыг нас барахад түүнийг Малээкигийн хажууд оршуулжээ. Бэрнаарыг 1174 онд гэгээнтэн хэмээн католик сүмээс хүлээн зөвшөөрсөн.

Борис ба Унгарын Георг

Оросын үнэн алдартны сүмийн анхны ах дүү Борис, Глеб гэгээнтний нэг Борис нь зарц Георгтойгоо маш дотны харилцаатай байсан ба хаан ширээний төлөөх тэмцэлд ах нь Борисыг алахаар завдахад алуурчин, Борис хооронд орж, Борисыг хамгаалах гэсэн ч аль алиныг нь алсан домогтой. 1020-иод оноос эхлэн ах дүүсийг гэгээнтэн хэмээн шүтсэн.

Бэрнаардо Франсийско дэ Оёос и дэ Сээна (1711–1735)

18-р зууны испани лам нь өөрийгөө зөвхөн сүмтэй төдийгүй, Есүстэй суусан хэмээн үздэг байжээ. Тэрээр нэгэн үзэдлийнхээ тухай бичихдээ “Дандаа миний баруун гарыг бариад, сэнтийнхээ хажуугийн хоосон суудал дээр намайг суу гэсэн. Тэгээд гарт минь алтан бөгж зүүж өгөхдөө ийн өгүүлсэн “Энэ бөгж бидний хайр дурлал шиг жинхэнэ байг. Чи минийх, би чинийх.” Түүнийг 2010 онд гэгээнтэн хэмээн Ватиканаас зарласан.

Брийжид ба Дарлүүгдад (12-р зуун)

Гэгээн Брийжид нь Ирландын хамгийн алдартай эмэгтэй гэгээнтэн. Сүнслэг амьдралын салшгүй нэгэн хэсэг нь анд нөхөрлөл хэмээн тэр үздэг байсан ба шавь Дарлүүгдад гэлэнмаатай нэг оронд насаа өнгөрөөсөн гэдэг. Удахгүй нас барах гэж байгаагаа шавьдаа хэлэхэд Дарлүүгдад хамт үхэхийг хүссэн гэдэг. Хосыг лесбиян гэгээнтэн хэмээн одоо үздэг.

Ассисийгийн Фраансис (1181/2–1226)

Тэрээр Есүсийн энгийн даруу амьдралаар амьдрахын тулд тухайн үеийн лам нарын амьдарч байсан тансаг амьдралыг хаяж, байгал дэлхий, ан амьтдыг нигүүлсдэг байснаараа алдартай. Түүнийг тухайн үеийн нийгмийн хүйсийн хэм хэмжээг үгүйсгэдэг, өөр ламд хайртай байсан тухай Францискийн урсгалын түүхч Ээлфик тэмдэглэсэн байдаг. Тэрээр эмэгтэй хүний үсийг нь тайрч өгөөд, Жакооба нэрээр лам болгосон түүх бий. Фраансисыг 1228 онд гэгээнтэн хэмээн Ватиканаас зарласан.

Бийнгэний Хийльдэгаард (1098–1179)

Зохиолч, хөгжмийн зохиолч, гүн ухаантан, эмч, Германы байгалийн түүхийг үндэслэгчид тооцогддог гэлэнмаа Хийльдэгаард нь эмэгтэйчүүдэд татагддаг байсан ба туслах Рикаардис фон Штаадтай дотны харилцаатай байсан тухай 2009 оны Vision кинонд өгүүлдэг. 2012 онд түүнийг гэгээнтэн хэмээн үзэхтэй тэнцэх ёслолыг Ромын Пап лам гүйцэтгэжээ.

Сан Хуан дэ ла Круз (1542–1591)

Испаний нөлөө бүхий яруу найрагчдын нэгт тооцогддог 16-р зууны испани лам Есүсийг хайрласан хайраа ижил хүйсийн эротик байдлаар илэрхийлсэн шүлгүүдээрээ алдартай. Түүнийг 1726 онд гэгээнтэн хэмээн Ватиканаас зарласан.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: Advocate, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв