Хот суурин газарт оршин суугчдын хувьд илүүдэл жингийн асуудал зөвхөн өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөөд зогсдоггүй, эрүүл мэндэд ч уршигтай нөлөөтэй. Илүүдэл жин биеийн бүх эрхтэн тогтолцоонд ачаалал нэмээд зогсохгүй, зүрх судасны өвчин, багтраа үүсэхэд нөлөөлөх, дааврын тэнцвэргүй байдалд хүргэх, үүнээс үүдэн эмэгтэйчүүдийн хувьд үр тогтолтын асуудалтай болох, урт хугацаанд бөөрний үйл ажиллагаа муудах гэх мэт олон сөрөг үр дагавартай.

Харин ЛГБТИ хүмүүсийн хувьд жин ба биеийн имижийн асуудал гей залуучуудад ч, лесбиян эмэгтэйчүүдэд ч түгээмэл. Гей эрчүүдийн хувьд “бие бурхан” гэх үнэт зүйл нэлээд давамгайлдаг учир биеийн эрүүл мэнд, илүүдэл жинтэй үгүйдээ ихэнх гей залуучууд анхаардаг нь тун ойлгомжтой. Лесбиян эмэгтэйчүүдийн хувьд илүүдэл жингийн асуудал нэлээд түгээмэл ба амьдралынх нь хэв маяг, архи, тамхины хэвийнээс илүү хэрэглээтэй холбоотой байдаг.

Та илүүдэл жиндээ санаа зовж явдаг ба ямар ч аргаар илүүдэл жингээ хасаж чадахгүй байгаа бол дараахь амьсгалын дасгалыг 1 сар хийгээд туршаад үзээрэй. Тийм ээ, зөвхөн амьсгалын дасгал! Энэхүү амьсгалын дасгалыг Японы жүжигчин, эрүүл амьдралын хэв маягийн багш Мики Рёосүкэ (Miki Ryosuke) нурууны өвчнөө багасгахын тулд хэрэглэж эхэлсэн ч тун удалгүй нурууны өвчин нь багасахаас гадна турахад хамгийн хүнд хэсэг болох бүсэлхий болон биеийн бусад хэсгээрээ турж байгааг тэрээр анзаарчээ. Түүний “Урт амьсгалын арга”-аар олон мянган хүн хоолоо сойлгүй, хэт их тамирдуулах хүндийн бэлтгэл болон кардио дасгалгүй 5-6 долоо хоногийн дотор 10 кг – 12 кг хаяж чадаж байгаа аж. Та туршаад үзээрэй.

Урт амьсгалын дасгал: 1-р арга

Нэг хөлөө нөгөөгөөсөө урд тавин, хойд хөл дээрээ биеийнхээ жингийн 90%-ийг төвлөрүүлнэ. Энэ байрлалд амьсгалаа 3 секундын хугацаанд авах ба амьсгал авах хоорондоо гараа толгойн дээрээ байхаар өргөнө. Амьсгалаа 7 секунд үргэлжлүүлэн удаан ба хүчтэйгээр гаргахдаа гараа буулгана. Энэхүү аргын гол нууц нь амьсгалаа гаргахдаа биеийнхээ бүх булчинг чангалахад оршино. Энэ амьсгалын дасгалыг өдөрт ердөө л 3-5 минут хийхэд хангалттай.

Урт амьсгалын дасгал: 2-р арга

Цэх зогсоод өгзөгөө чангална. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа ууцан дээрээ байрлуулна. Энэ байрлалд амьсгалаа 3 секунд авахдаа гэдсээ татах ба амьсгалаа 7 секунд үргэлжлүүлэн удаан ба хүчтэйгээр гаргахдаа ч гэдсээ улам чангалж, татсаар байна. Энэ дасгалыг өдөртөө мөн л 3-5 минут хийхэд хангалттай.

Гүнзгий амьсгалах ба жингийн илүүдлээс салах: шинжлэх ухаан 

Рёосүкэгийн аргын талаар уншаад илүүдэл жингээс салгаж чадах үгүйд зарим хүмүүс эргэлзэх нь гарцаагүй. Өөх задлах ба амьсгалах ямар холбоотой юм гэх хүмүүс ч гарах биз. Механизмыг авч үзвэл: хүний биеийн өөх хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгчөөс бүрддэг ба амьсгалын дасгал хийх нь хүчилтөрөгчийг өөхний молекулд аваачиж, өөхийг нүүрстөрөгчийн давхар исэл, ус гэсэн элементэд задлан, цусны эргэлтээр нүүрстөрөгчийн давхар ислийг амьсгалаар биеэс гадагшлуулдаг аж. Бие хүчилтөрөгчөөр их байх тусам өөхөө шатаах чадвартай байдаг гэсэн үг.

Эмэгтэйчүүдийн эмч Марсээль Пийк тайлбарлахдаа “Биеийн бүх төрлийн дасгалыг орлохгүй нь ойлгомжтой ч анх дасгал хийж эхэлж буй эмэгтэйчүүдэд энэ тун тохиромжтой ба ямар ч дасгалын үр дүнг сайжруулах болно, учир нь амьсгалын дасгал биед хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэн, биед шим тэжээлийг хурдан шингээж, хорт бодисын ялгарлыг сайжруулснаар жингийн илүүдлээс салахад тусладаг.”

Хээмптоны Их сургуулийн судлаачид илүүдэл жинтэй өсвөр насныхныг йог болон гүнзгий амьсгалын дасгалаар хичээллүүлснээр жингийн илүүдлээс салгах боломжтой эсэхийг судлажээ. Ахлах ангийн 60 охид хөвгүүдийг 2 бүлэгт хуваан, 12 долоо хоногийн хугацаанд нэг бүлгийг долоо хоногт 4 удаа йог болон пранаяма амьсгалын йогоор хичээллүүлж, нөгөө бүлгийг энгийн дасгалаар хичээллүүлжээ. Судалгааны эцэст йог болон амьсгалын йог хийсэн бүлэг нь ямарваа хоолны дэглэмгүй дунджаар 2 кг турсан байжээ.

 

Эх сурвалж: Medical Daily

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв