“Тэгш эрх, бахархлын өдрүүд” гэхээр л инээсэн, бахархлын далбаа сүүлтэй арсланг боддог уу? Маш зөв. 2014 онд бүтээж, түүнээс хойш тэгш эрхийн төлөө брэнд хэлбэрээр хэрэглэж эхэлсэн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн логоны утгыг та мэдэх үү? ЛГБТ Төв нь Монгол түмний түүх, уламжлалыг бичгэн болон ахуйн эх сурвалж, угсаатан судлалын үүднээс судласаар ирсэн ба үүнийхээ дагуу хотжиж суурьшихаасаа өмнө буюу 1960-аад оноос өмнө бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн цөөнх ЛГБТИ хүмүүст ээлтэй, үл ялгаварласан нийгэм байсан гэсэн дүгнэлтийг хийдэг. Тэр ч утгаараа Монголын ард түмний хүнээ дээдлэсэн үнэт зүйл, эв нэгдлийг сануулах үүднээс уламжлалт ухагдахуун, бэлгэ тэмдгийг байгууллагынхаа лого болон үйл ажиллагаанууддаа ашигласаар ирснийг цохон тэмдэглэх ёстой. Хэчнээн ардчилсан Үндсэн хуулиар хүн бүр шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэснээр бидний дунд олон христчид байдаг болсон ч “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн логог буддист өнгө аястай хийсэн нь монгол уламжлалынхаа сайн, сайшаалтай зүйлсийг үл мартах, нандигнах шалтгаантай. 

1. Арслан: Сүргээр амьдардаг арслан нь өөрийн гэсэн дэг журам, ёс жаягтайгаас гадна буддын сүм хийдийн үүдэнд муу муухайгаас хамгаалагч сахиус хэлбэрээр хэрэглэгдэж ирсэн. Бурхадтай хамт дүрслэгддэг, сүм хийдийн үүдэнд байрлуулдаг хоёр арслангийн нэг нь амаа ангайсан нь оршихуйн эхлэл болох “А” авиаг бэлгэдсэн байдаг бол нэг нь амаа хаасан нь “АУМ” буюу маанийн “М” үсгийг бэлгэддэг. Харин “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн арслан инээмсэглэсэн байдаг нь бүх зүйлийг эерэг сайхнаар эхлүүлж, үргэлжлүүлж буйг дүрслэхээс гадна мэдлэг оюун, зориг зүрх, эв нэгдлээр хүчирхэг байгааг бэлгэддэг.

2. Бахархлын өнгө бүхий чандмань: Чандмань нь хүн бурхан мөн чанараа таних, ухах, санах, түүгээр амьдрахыг бэлгэдсэн бэлгэ тэмдэг байдаг. Хүн байх гэдэг нь бүхий л ялгаатай зүйлийг багтаасан ойлголт гэдгийг бахархлын өнгө бүхий чандманиар илэрхийлсэн. Мөн ЛГБТИ хүн бүр өөрийн сайн сайхан мөн чанарыг үл мартах, бидний амьдралд харамсалтай нь нийтлэг тохиолдсоор буй ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй ямар ч хүнд зүйл тохиолдсон түүнийг даван туулах сэтгэлийн хат, мөн чанартайг сануулах зорилготой чандманийг багтаасан.

3. Арслангийн сүүл болох бахархлын далбаа: ЛГБТИ хүмүүс хаа явсан газраа тэгш эрхийн төлөө ойлголтыг түгээж, хүмүүст эерэг элч төлөөлөгч байхыг бэлгэдсэн. Нээлттэй амьдардаг ЛГБТИ хүн бүр нийгмийн мэдээлэлгүй байдлыг арилгахад бодит нэмэр болж байдаг утгаараа бид бүгд элч төлөөлөгч ба ардаа зөвхөн зөв ойлголт үлдээхийг бэлгэдсэн.

4. Гаднах хүрээ хүрэн өнгийн алхан хээ: Алхан хээ нь нь ертөнцийн эхлэл төгсгөлгүй үргэлжлэх мөн чанар, бурхан багшийн хязгааргүй хайр, бүх зүйл эсрэг тэсрэгээс бүрддэг ба эсрэг тэсрэг нь бие биеэ нөхцөлдүүлдгийг бэлгэддэг. “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн логоны хүрээ болох алхан хээ нь бидний тэгш хайр, тэгш эрхийн төлөө тэмцэл үргэлжилсээр байгааг бэлгэддэг.

5. Арслангийн фон улаан хүрэн өнгө: Улаан өнгө нь Ногоон дарь эхийн бясалгалд хэлийг ариусгах, зөвхөн үнэнийг хэлэх үйлдлийг бэлгэддэг ба шашны ерөнхий бэлгэ тэмдэг нь гал ба хамгаалал. Тэр утгаараа “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь нийгэмд ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө ЛГБТИ хүмүүсийн амьдрал, хүний эрхийн үнэн нөхцөл байдлыг таниулахад чиглэсэн гэдгийг бэлгэддэг.

Нэмэлт: солонго ба буддизм. Буддизмд “солонгон бие” гэсэн ойлголт байдаг ба шарын шашны дагуу бүх зүйл ариусан, оршихуйг бүхэлд нь ухаж, шингээхэд ертөнцийн бүх өнгө будаг төвлөрсөн гэрэлд хувиран, солонгоор гялалзана гэж үздэг. Энэхүү солонгон биеийг нирваан дүр буюу гэгээрлийг олохоос өмнө олдог гэж сургадаг.

Нарийн буддист бэлгэ тэмдгийн тайлбаргүй ч хальт харахад л өхөөрдөм энэхүү аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн арслан ЛГБТИ хүмүүсийн тэгш эрхийн төлөө бэлгэ тэмдэг болон олон жил ашиглагдаж, хаа ч танигдаж эхлээд байгаа билээ. Энэ жилийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь 5 дахь удаа зохион байгуулагдаж байгаа ба мэдээллийг ивэнт хуудсаас авна уу.