Бэлгийн цөөнхийн хамгийн том хэсэг хэн бэ? Мэдээж бисексуал буюу эрэгтэй ч, эмэгтэй ч хүмүүст сэтгэл зүрх, хайр дурлал, бэлгийн хувьд татагддаг хүмүүс. Бэлгийн мөн чанар нь Кинзийн онолоор хоёр туйлт зүйл ба хоёр туйлын нэг туйлд зөвхөн ижил, нөгөө туйлд зөвхөн эсрэг хүйсийн хүмүүст татагддаг хүмүүс байвал дундахь хэсэг буюу ихэнх хүмүүс нь ямар нэг байдлаар бисексуал гэсэн онол бий.

2007 онд АНУ-ын хүн амыг төлөөлөхүйц ЛГБ хүмүүсийн дунд хийсэн түүвэр судалгаанд 48.9% нь өөрсдийгөө бисексуал гэжээ. Тэгвэл ЛГБТИ хүмүүсийн хамгийн том ч, хамгийн үл үзэгдэж, үл сонсогддог хэсгийн талаар бид ямар үлгэр домогт итгэсээр байна вэ?

Үлгэр: Бисексуал хүмүүс байдаггүй. Бисексуал гэж байгаад үнэндээ гей, лесбиян л байсан байж таардаг.

Бодит байдал: Бисексуал бэлгийн чиг баримжаа бол бодит бэлгийн чиг баримжаа. Яг л ижил хүйсийн эсвэл эсрэг хүйсийн хүмүүст татагдах бэлгийн чиг баримжаануудтай адил. Хүн зөвхөн нэг хүйсийн хүмүүст тэмүүлсэн бэлгийн чиг баримжаатай байдаг гэсэн үзлийг моносексизм гэдэг. Мэдээж зарим тохиолдолд өөрийгөө бисексуал гэж хэлж байсан хүн гей, лесбиян болж таарах нь бий, учир нь бэлгийн мөн чанараа бүрэн ойлгох, нээх гэдэг нийгмээс нөхцөлдүүлсэн өгөгдлүүдээс үүдэн ярвигтай байдагтай холбоотой. Бид бүгд гетеронорматив буюу эсрэг хүйсийн хайр дурлалыг ганц байх ёстой хэм хэмжээ гэж үздэг нийгэмд төрж өсдөг учир зарим лесбиян, гей хүмүүс нийгмээс тулгасан үнэт зүйлээр эсрэг хүйсийн хүмүүстэй болзож байхдаа өөрсдийн бэлгийн чиг баримжааг бүрэн ойлгож, өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх тохиолдол бий. Эсрэгээрээ лесбиян эсвэл гей гэж анх өөрийгөө мэдэрч байсан хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжааг бүрэн нээх хэрээр бисексуал гэж өөрсдийгөө тодорхойлдог болох нь ч бий. Зарим лесбиян, гей хүмүүс өөрийгөө бисексуал гэж хүмүүст хэлэх нь өөрийгөө шууд лесбиян, гей гэдгээ хэлэхээс зөөлөн тусна гэж үзээд бисексуал гэсэн нэрээр халхавч хийх нь бий. Тэглээ гээд хүн бүр бисексуал гэдэг нэр томьёог халхавчаар ашигладаггүй ба хэрэв хэн нэгэн өөрийгөө бисексуал гэвэл түүнийг нь бүрэн хүлээж аваарай.

Үлгэр: Бисексуал хүмүүс бэлгийн дур хүсэл ихтэй учир ямар ч хүйсийн хэнтэй ч унтаж хэвтдэг.

Бодит байдал: Бисексуал бэлгийн чиг баримжаа нь бэлгийн дон гэсэн ухагдахуунтай дүйцдэг гэсэн үг биш. Маш олон төрлийн бэлгийн зан үйлтэй бисексуал хүмүүс байдаг учир заримынх нь зан үйлээр бүгдийг дүгнэшгүй. Бисексуал хүмүүсийг бэлгийн донтой гэж үздэг учир тэднийг мөн бэлгийн замаар дамжих олон халдвар, тэр бүү хэл ХДХВ тээгч гэж үздэг хүмүүс ч бий. Цаашлаад бэлгийн донтой учир хэнтэй л бол хэнтэй унтаж хэвтэх учир дотны харилцаатай болж хэрэггүй, учир нь ханаж цадахгүй учир араар тавих магадлал маш өндөр гэж муйхарлагсад лесбиян, гей хүмүүсийн дунд ч, стрэйт хүмүүсийн дунд ч бий (өөрөөр хэлвэл бифобик буюу бисексуал бэлгийн чиг баримжааг мэдэхгүй, ойлгохгүй байгаагаас бисексуал хүмүүсээс айх айдас, үзэн ядалттай хүмүүс бий, тэдний жишээ нь манай Монголын ЛГБТ хүй олны дунд ч цөөн биш бий).

Үлгэр: Бисексуал хүмүүс нэг хүндээ үнэнч байхыг хүсдэггүй.

Бодит байдал: Хүний бэлгийн чиг баримжаа тухайн хүн дотны харилцаандаа ямар байдлаар биеэ авч явах, үнэнч байх эсэхийг тодорхойлох хүчин зүйл биш. Хайртай хүнээ араар нь тавих эсэх гэдэг зөвхөн тухайн хүний ухамсрын л асуудал. Хэрэв бисексуал хүний дотны харилцаа нь зөвхөн хоёр хүн бие биедээ үнэнч байх буюу моногами харилцаа бол энэхүү үнэнч байдлын хил хязгаарыг бисексуал хүн хаалгаар орж гарах тоолондоо эвдэхгүй. Цаашлаад бисексуал хүмүүсийн дунд демисексуал буюу зөвхөн дурласан учир бэлгийн хавьталд орох чадвартай хүмүүс, асексуал буюу үнэндээ бэлгийн хүсэлгүй ч эрэгтэй, эмэгтэй хүмүүст сэтгэл санаа, хайр дурлалын хувьд татагддаг бисексуал хүмүүс, полигами/полиамори зан үйл буюу нэг зэрэг олон дотны хамтрагчтай харилцаанд байх зан үйлтэй бисексуал хүмүүс байдаг. Бэлгийн зан үйлээр барахгүй хүйсийн хувьд ч трансжендэр бисексуал эсвэл трансжендэр пансексуал хүмүүс, эсвэл хүйсийн хувьд аль ч хүйст өөрийгөө хамаатуулдаггүй хүйсгүй (agender) бисексуал хүмүүс, жендэр күийр буюу холбиромтгой хүйсийн баримжаатай бисексуал хүмүүс гээд хангалттай олон төрлийн, олон янзын хүмүүс бидний дунд гүйлдэж байна. Зөвхөн заримынх нь зан үйлээр бүгдийг дүгнэх хэрэггүй.

Үлгэр: Зөвхөн ижил хүйсийн хүнтэй болзож, бэлгийн хавьталд орж байсан бол бисексуал.

Бодит байдал: Стрэйт хүмүүсийг эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн хавьталд ортол нь лесбиян, гей гэж үзэх ёстой гэвэл ямар байна? Бэлгийн чиг баримжаа буюу сэтгэл зүрхний асуудлыг бэлгийн зан үйл буюу секстэй андуурах ёсгүйг энэ үлгэр бидэнд сануулж байна. Нөгөө талаас хоёр стрэйт охин үнсэлцлээ гээд автоматаар лесбиян эсвэл бисексуал гэсэн үг биш. Нөгөө л татагдах, зүрх сэтгэлийн асуудлыг секстэй холих ёсгүйг энд бид санах ёстой.

Үлгэр: Бүх эмэгтэйчүүд бисексуал.

Бодит байдал: Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн мөн чанар нь илүү урсгал, хувирах шинж чанартай гэсэн судалгаанууд хийгдсэн байдаг ч энэ нь ихэнхдээ лесбиян бэлгийн мөн чанарыг арилжааны зорилгоор ашиглах, стрэйт эрчүүдийн сонирхлыг татах бодлого байдгийг үгүйсгэшгүй. Үүнтэй холбоотой өөр нэг үлгэр нь бисексуал эмэгтэйчүүд түр дүр эсгэж, эмэгтэйчүүдтэй сээтэгнэж байгаад эцэстээ эрэгтэй хүнийг сонгож, гэр бүл болдог гэсэн үлгэр. Мэдээж гетеронорматив ертөнцөд амьдарч байгаагийнх боломжтой бол хүлээн зөвшөөрөгдөх хайр дурлал, гэр бүлтэй байхыг хэн ч хүсэх биз. Гэхдээ эргээд энэ үлгэр нь бисексуал эмэгтэйчүүдийг бүрэн үгүйсгэж байгаа явдал, учир нь хаанаас нь ч харсан, яаж ч үзсэн эрэгтэй хүнтэй гэрлэсэн ч тэдний эмэгтэй хүмүүст татагдах, дурлах нь автоматаар зогсохгүй.

Үлгэр: Бүх бисексуал хүмүүс сексийн хувьд гурвалахыг хүсдэг.

Бодит байдал: Аль аль хүйсийн хүмүүст татагддаг нь аль алинтай нь нэгэн зэрэг нэг бэлгийн орон зайд байхыг хүсдэг гэсэн автомат өгөгдөл огт биш. Үүнийг хүсдэг бисексуал хүмүүс байдаг ч эргээд хүн бүрийн бэлгийн зан үйлийн таалал өөр өөрийг саная. Цаашлаад энэ үлгэр домог нь бисексуал хүмүүс ханаж цаддаггүй гэсэн үлгэр буюу бисексуал л бол аль алинтай нь зэрэг явахыг хүсдэг гэсэн үлгэртэй агаар нэг.

Үлгэр: Бисексуал хүмүүс секс хүсдэг, лесбиян, гей хүмүүс хайр дурлал хүсдэг.

Бодит байдал: Бэлгийн чиг баримжаа гэдэг зүйлийг бэлгийн зан үйлээс ялгах ёстойг дахин харуулсан нэг үлгэр. Ямар ч бэлгийн чиг баримжаатай бай, хайр дурлалыг хүсэх нь эцсийн дүндээ хүний л мөн чанар ба үүнд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа огт хамаагүй.

Үлгэр: Бисексуал хүмүүс аль аль хүйсийн хүмүүст яг ижил татагддаг.

Бодит байдал: Дээш гүйлгээд Кинзийн онолын шугамыг харвал их, бага хэмжээгээр бисексуал буюу ижил хүйсийн талдаа илүү, эсвэ эсрэг хүйсийн талдаа илүү бисексуал гэсэн ойлголт тэнд харагдана.

Үлгэр: Ижил хүйсийн харилцаанд байгаа хүн бүр гей эсвэл лесбиян.

Бодит байдал: Мэдээж аль аль хос нь гей, лесбиян гэж өөрсдийгөө мэдэрч, тодорхойлдог ижил хүйсийн хосууд маш их байлгүй яахав. Гэхдээ нөгөө л тоон онолоор бисексуал хүмүүс ЛГБТИ хүмүүсийн ихэнх жинг эзлэдэг юм бол… ижил хүйсийн харилцаанд байгаа хүн бүр гей, лесбиян биш гэсэн үг. Үүнтэй ижлээр эсрэг хүйсийн харилцаанд байгаа хүн бүр стрэйт биш бас байж болно (эсрэг хүйсийн хүнд дурласан учир гэрлэхийг сонгосон бисексуал хүмүүсийг стрэйт болсон гэж үздэг үзэл нь үнэхээр харамсмаар төөрөгдөл). Бисексуал хүмүүс бэлгийнхээ чиг баримжааны мөн чанараар хүйс үл харгалзан хүнд дурлаад, урт удаан хугацаагаар зөвхөн тэр хүнээ сонгон амьдрах ижил ч, эсрэг ч хүйсийн харилцаанд байж л байдаг, энэ бол баримт. Тиймээс ижил хүйсийн хосыг хараад шууд аль алиныг нь гей, эсвэл лесбиян гэж тогтсон ойлголтоор харах ёсгүйг бид санах ёстой. Ингэснээр бидний дунд ялгаатай бодит байдалтай, мэдрэмжтэй, зарим тохиолдолд дуу хоолой нь үл сонсогдох хүмүүс байгааг санаж, тэдэнд дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг нь бүрэн олгох ёстой.

Үлгэр: Бисексуал ба пансексуал хоёр ижил ойлголт.

Бодит байдал: Бисексуал гэдэг нь хүйсийг зөвхөн хоёр туйлт зүйл, зөвхөн эр, эм хүйс байдаг гэж үзээд зөвхөн эр, эм хүмүүст татагддаг үзэгдэл. Харин пансексуал нь хүйсийг хоёроос илүү туйлтай гэж үздэг үзэл ба хүйсээс үл хамааран хүмүүст татагддаг бэлгийн чиг баримжааг нэрлэх нэр томьёо.

 

ҮЛГЭР ДОМГИЙН ХОР УРШИГ (АНУ-ын тоо баримтыг Still Bisexual вэбсайтаас авав)

  • Хоёр бисексуал эмэгтэйн нэг, гурван бисексуал эрэгтэйн нэг нь амиа хорлох тухай бодож эсвэл оролдож байсан
  • Хоёр бисексуал эмэгтэйн нэг нь дотны хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байсан бол гурван лесбиян эмэгтэй бүрийн нэг нь дотны хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байсан
  • Гурван бисексуал эрэгтэйн нэг нь дотны хамтрагчийн зүгээс хүчин, хүчирхийлэл, мөшгөлтөд өртөж байсан бол дөрвөн гей эрчүүдийн нэг нь ийм төрлийн хүчирхийлэлд өртөж байсан
  • Лесбиян, гей, стрэйт хүмүүстэй харьцуулвал бисексуал хүмүүс харьцангүй илүү их түгшүүр, сэтгэл санааны гутралын эмгэг зовиуриудтай байдаг
  • Бисексуал хүмүүс ядууралд өртөх, архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисны хамааралтай байх нь стрэйт, лесбиян, гей хүмүүсээс илүү их
  • Бисексуал хүмүүсийн 58% нь ажлын байрандаа бэлгийн чиг баримжаагаараа доромжлуулсан байдаг
  • Бисексуал өсвөр насны охид стрэйт, лесбиян үеийнхнээсээ илүү бэлгийн дарамтад өртдөг
  • Бисексуал өсвөр үеийнхний 29% нь сургуулийн орчинд үг хэлээр доромжлуулсан байдаг
  • Бисексуал хүмүүс ЛГБТИК хүй олны 52%-ийг эзлэдэг ч асуудлууд нь бүх санхүүжилтийн 1%-с бага санхүүжилт авдаг
  • Бисексуал хүмүүс ЛГ хүмүүсээс ч тэр, стрэйт хүмүүсээс ч тэр бараг адил хэмжээний ялгаварлан гадуурхалтыг амсдаг