Сайн байна уу?

Захиа очих өдрийн мэндийг үүнийг уншиж байгаа танд хүргэж байна. Наран жаргах цагаар намайг төрүүлсэн ижий, аавдаа анхны үр нь болж мэндэлсэн тэрхүү өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд болсон үйл явдлын хэлхээсийг хэрхэн бичих тухайгаа бодон, бодон сууж байна.

Одоо би арван наймтай. Хүмүүсийн хэлдгээр хамгийн сайхан нас. Бас бусдын харцанд бол дэндүү түүхийгээрээ, туршлагагүй гэнэн нэгэн. Би ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ миний үзэж харсан, давж гарсан болоод мэдэрч эрэлхийлсэн зүйлсийг сонсоод, тэдний бодол өөрчлөгдөх болов уу? Үгүй ээ, ойлгох албагүй л дээ, ядаж тэд нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаах болов уу? Үүрийн цагаар гэрээсээ хурдхан гараад, үдшийн бүрийгээр бүгдийг унтсан цагт нь орж тайван амраад, өглөө нь ахиад л энэ бүгдээ давтаж явах л бодлыг тээж явсан миний тэдгээр өдрүүдийн талаар уншихдаа итгэлтэй байна уу? Би танд сонирхолтой түүхийг амлахгүй бас цаг хугацааг тань үрсэндээ хүлцэл өчихгүй.

Ээжийнхээ найзын охинтой балчир хүүхдийн нөхөрлөлөөр нөхөрлөж, нэг нэгэндээ инээд бэлэглэж, хөөрцөглөж гүйдэг байсан л үе. Хамтдаа сэрж, хамтдаа өдрийг өнгөрөөнө, тэгээд тоглох нормоо амжилттай гүйцэтгэчихээд нойрмоглон унтацгаана. Долоон насны босгыг давахдаа болчимгүй үйлдэл хийсэн нь үнсэлцэх байж билээ. Жаахан хүүхдүүд юу эсийг хийхэв гэж эргэж боддог ч тухайн үед надад онцгой санагддаг байсан хүүхэд тэр охин л байсан байх юм. Одоо би нэрийг нь санахаас цаашгүй болж, Монголд ирэх ёстой болох шаардлагаар бидний амьдралын зам салсан юм.

Онгоцны буудлаас ааваараа тосуулаад шинэхэн гэртээ хүргүүлэн очиход хаалгыг минь тулгар гэдэстэй залуухан эмэгтэй тайлах нь тэр. Аавын зарлиг буулгасны дагуу миний ээж гэж дуудах ёстой хүн. Хүмүүсийн хэлдгээр бол хойд ээж, харин төсөөллөөр минь бол Үнсгэлжингийн үлгэр. Гэхдээ тийм байсангүй, хорвоог хоёрхон талаас хардаггүй, хүнийг ганц хараад л дүгнэдэггүйг ээж минь надад ойлгуулж өгсөнсөн. Хар багын л хүйс нь мэдэгдэхгүй гэж зэмлүүлж, хөвгүүдтэй бөмбөг өшиглөж, гараж дээгүүр харайж, чулуу нүүлгэж, уриалж явахыг минь ээж огтхон ч хорьж байсангүй. Харин хүн гэдэг нэгнээ гомдоож, биендээ халтай зүйл хийж болохгүй юм шүү гэж захиж зааварлаагүй ч үлгэрлэж үзүүлдэг нэгэн миний амьдралын үзлийг өргөн хүрээтэй болгосон юм.  Та  минь хорвоод тоос хөдөлгөөд явж байсансан бол миний ЛГБТ байдлыг мэдээд, тэвэрч аваад “Зүгээр ээ,  миний охин” гээд үнсэх байсан даа. Тандаа тэнгэрт түгэх мянга мянган оддын тоогоор залбиръя.

Хүний амьдрал гээчид хамгийн том байр суурийг эзлэх зүйлсийн нэг нь хайр, тийм үү? Үнэндээ би энэ үгийг хэлж бичихээс жийрхдэг хэдий ч энэ зугтаж үл болох үнэн шиг санагддаг юм. Хэдийгээр бусад тохиолдолд миний лесбиян байна уу, бисексуал байна уу хэнд ч хамаагүй байдаг ч хэн нэгнийг хайрлах тал дээр хав дарж болохооргүй болчихдог нь сонин эд шүү. Ахлах анги хүртлээ сайн болсон хүүхдээ хамгийн сайн найздаа ч хэлэх эвгүй байсан учраас юу ч болоогүй юм шиг л явдаг байлаа. 12-р ангид орж, жил хамт скейтээр гулгадаг байсан хүүхдээ гей гэж мэдээд, өөрийгөө бас анх удаа лесбиян гэдгээ хэлж байлаа. Яагаад ч юм юунаас ч санаа зовоогүй хэлсэн. Үнэнийг хэлэхэд надад өөрийгөө бисексуал гэж хэлэх нь их амархан санагддаг байсан юм. Хоёр найздаа энэ тухайгаа хэлэхэд гайхсан янзгүй. Үүнийгээ тайлбарлахдаа “Чиний эрэгтэйлэг байдлаас болж байгаа байх” гэсэнсэн. Доод ангийнхаа охинд сайн болчихоод, сая л нэг юм буюу хоёр жилийн дараа хэлэхэд өрөвдөнгүй бас гайхсан харцаар харсан нь одоо ч нүдэнд харагдсаар.

Эдгээр үйл явддал тийм ч сэтгэл хөдөлгөм байгаагүй л дээ. Харин намайг инээлгэж, уйлуулж, уурлуулж байж болох бүхий л илрэлийг гаргаж ирсэн зүйлс нь 2016 оны зунаас эхэлсэн. Энэ нэг жилийн хугацаанд хийсэн come out-ууд миний чухал хүмүүст хүрч, би өөртөө итгэлтэй байхад нөлөөлсөн юм. Намар нь миний хамгийн сайн эрэгтэй найз өөрийгөө бисексуал гэдгээ надад хэлж, харин 11 сард нь миний амьдралдаа хамгийн ихээр хайрласан хүн надад сэтгэлээ илчлэв, тэр ч гэхдээ нээх удаан амжилттай байгаагүй л дээ. Одоо хүртэл миний сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа… Төрсөн өдрийнхөө өмнөх өдөр ээж шалгаагаад байхаар нь ээждээ хэлсэн.  Нэг нь иймэрхүү харилцан яриа болсон доо.

–  Чи надад нэг зүйл хэлэх ёстой биш билүү? Одоо хэлчихээч.

–  Яах юм бэ, хоёулханаа байхдаа хэлье.

–  Маяглаад бай, хурдан хэл. Дараа нь мартчихна.

–  Заза, би хүнд сайн болоод л…

–  Тэгээд яасан юм хаягдчихсан юм уу?

–  Үгүй ээ, юу гэж дээ.

–  Тэгээд яаснаа хэл л дээ, сүртэй юм бэ.

–  Ммм, тэр нь эмэгтэй байсан…

Ээж хэсэг дуугүй сууснаа:

  Тэрэндээ тэгээд хэлсэн юм уу? 

–   Мхн.

–   Ммм, за за. Уруу татагдчихсан байв даа…

Ээж ямар нэгэн өөр үйлдэл үзүүлээгүй ч маргааш орой нь “Өчигдрийн ярьсан зүйл чинь ерөөсөө ч таалагдаагүй. Гэхдээ ээж нь охиндоо зөндөө хайртай, үнсье” гэсэн зурвас илгээчихсэн байж билээ. Тийм ээ, энэ хорвоо дээр намайг хамгийн сайн мэддэг бас хамгийн их дэмждэг хүн ийм эергээр хүлээж авсан байхад өөр юу ч саад болохгүй мэт санагдсан юм. Түүний дараа ганц үеэл эгч минь мэдчихээд, хэт их автахгүй байхыг сануулаад л өнгөрсөнсөн. Харин хаа хол Нидерланд Улсад байдаг эмээ минь Фейсбүүкээр мөн л шалгаасны эцэст надаас хариу сонсчихоод “Энд ир, энд хүлээн зөвшөөрсөн орон” гээд аньсаганд хуралдсан хамаг нулимсыг минь уралдуулж билээ.

Цааргалсан хүмүүстэй таарахад цаг хугацаа царцсан юм шиг хэцүү санагддаг. Би залуухан байна. Надад улирч одсон он цагаас илүү угтан ирэх ирээдүй илүү чухал. Магадгүй чи шантарч байвал, эсвэл бүгдээс нуугдаж байвал, өөрийнхөө ЛГБТ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал энэ бидэнд тохиох зүйлийг гэдгийг санаарай. Өөрөө тийм олон зүйл давж туулсандаа захиж байгаа юм биш ээ. Өнөөдөр уйлж байхад өөр нэг өдөр инээнэ гэдгийг л бүгдэд нь хэлмээр байна. Алтан наран биднийг алагчлалгүй ээж байхад бусдын юу гэх ямар хамаа байна, тийм биз? Өөрийн захиандаа би хар барааныг дурдахыг хүссэнгүй ээ. Ар гэрийнхэндээ адлуулж, гэрт минь ирж байсан олон найзууд минь бий. Гэхдээ хэзээ нэг өдөр бид нийгмийг гэрэл рүү хөтлөх хүмүүс болно гэдэгт би итгэдэг.

Цаг заваа зориулсан танд баярлалаа.

Таныг хүндэтгэсэн,

Ө.