Сайн байна уу?

Ээж та хоёрт бичсэн анхны захиа танд цагтаа хүрээгүй. Анхны бичсэн захианаас хойш жилийн дараа та нас барсан. Хорин жилийн дараа хүү нь энэ захиаг танд бүрнээр дахин бичиж сууна.

Аав аа, та эр хүн байхад таныг эмэгтэй гэж насаар чинь хэлж байна гээд төсөөл дөө? Та эр хүн л учир эмэгтэй хүнд дурласан чинь хүмүүс танд лесбиян гэсэн шошго зүүчлээ гээд төсөөл дөө? Та сүүлдээ харагдах байдлаа дотоод мэдрэмждээ нийцүүлэхийн тулд насаараа хийх дааврын эмчилгээгээ эхлүүлж, хагалгаануудад орж, биеэ нэг эцэст нь оллоо гээд төсөөл дөө?

Мэдээж энэ тухай би та хоёрт огт бичээгүй. Учир нь надад энэ болгоныг хийх боломж ч байгаа гэж ухаан орсон цагаас хойш мэдээлэл байгаагүй. Мэдсэн бол угаасаа би арван хоёртойдоо амиа хорлох анхны оролдлогоо хийхийн оронд бэлгийн бойжилтыг зогсоох эсвэл хүйсийн шилжилтийг эхлүүлэх эмчилгээндээ орох байсан учир.

Мэдээж энэ тухай би хорин жилийн өмнө ч мэдээлэлгүй байсан учир эмэгтэй биетэй ч, өөрийнхөө биед огт амьдардаггүй над шиг хүмүүс эмэгтэй хүнд дурлаж татагдахаараа лесбиян гэж нэрлэгддэг гэж бодож, итгэж, хүмүүс миний дотоод мэдрэмжийг огт мэдэхгүй хэрнээ, хэлсэн ч тоодоггүй учир, трансжендэр гэсэн ойлголт, үг ч байгаагүй учир гаднаа эмэгтэй биетэй ба эмэгтэй хүмүүст татагддаг учир намайг лесбиян гэхээр нь “Аан за, би лесбиян л байх нь” гэж бодсон хэрэг.

Миний амьдралын хамгийн агуу төөрөгдөл нь, аав аа, лесбиян бүр өөрийнхөө биеийн ингэж их үзэн яддаг гэж хорин найман нас хүртлээ бодсон бодол.

Би бас боддог, магад тухайн үед өөр улс руу явсан бол, миний эргэн тойрныхон одоо л бодох нь Б. гэж нэг транс эрийг дооглодоггүй, хочилдоггүй, “эр хүн болох гэж ядсан, лесбиян эрхийн хувьсгалын эсэргүүн” гэж түүнийг гоочилдоггүй, тохуурхдаггүй байсан бол би аль хэдийн олон жилийн өмнө хүйсийн шилжилтээ дуусгачих байсан биз. Мэдсэн бол арван нэг, хоёртойгоосоо охидод дурлаж байгаад гэнэт эмэгтэйлэг эрэгтэйд дурласандаа үхтлээ цочирдон, дахин нэгэн хямралд орохгүй байсан биз.

Гэвч тийм зүйл болоогүй. Хувь заяа намайг яг байх ёстой газар нь, байх ёстой орон зайд нь байлгаж, ядаж л өөрийгөө ч хайрлаж мэддэггүй намайг тоох, хайрлах эмэгтэйчүүдийн дунд хаясан. Тэр л хайр дурлал, аз жаргалаасаа та хоёртой хуваалцсан, та хоёрт хаягласан захиаг ээж аваад хав дарсан, бас харвасан. Жилийн дараа та нас барсан.

Таныг нас барсны дараа би дэндүү их гашуудсан. Намайг зөрүүд бух шигт та намайг байнга зодож эхэлсэн нь арван нэг, хоёртойгоос хойш. Би өөрөө ч бэлгийн бойжилт, биеийнхээ өөрчлөлттэй хамт миний минут, секунд бүрийнхээ сэтгэлийн гүн хямралаас гарах аргаа мэдэхгүй байтал дээр нь та зоддог болсон. Таныг үзэн ядсан, олон жил. Танаас айдаг байсан. Харцнаас чинь. Гэнэт уурлаад босч ирээд намайг алгадаж унагаахаас чинь. Толгой дээр минь дэвсэлэхээс чинь. Тэгсэн ч таныг нас барахад би гашуудаж байгаагаа өөрөө ч бүрэн ойлгох чадалгүй дэндүү их гашуудсан. Өөрөө үхсэн мэт санагдсан. Үзэн яддаг ганц хүн маань нас барахад би баярлах ёстой байтал яагаад өөрөө үхсэн гэж бодсон тухай би сар бодоод, үзэн ядалт намайг тэр болтол хүмүүжүүлсэн ба би гэнэт амьдралын утгагүй болсноо харсан хэрэг. Гэхдээ таныг уучлаад олон жил болсон, аав.

Ээж та хоёр “Дандаа охидтой, манайх” гэсэн ч намайг “Муухан бандиас дээр ээ” гэж хүмүүст хэлдэг байснаа та санадаг уу? Би гүргэр учир? Шөрмөслөг, хүнд юм өргөөд удаан явчихдаг учир? Таны л хаддаггүй гэр орны бүх хадаасыг хадаж, юм хум оролдож суух дуртай учир? Таны зодуурыг хэдэн удаа ч юм, даасан учир? Хамгийн муухай нь яг тань шиг зөрүүд, шазруун, бас зөв зүйлийг буруугаар сольдоггүй учир?

Үнэндээ та хүүтэй байсан шүү, аав аа. Гурван наснаасаа банди нарыг хаширтал нь зодож, сүүлдээ намайг “Хүүхэд зоддог” гээд гаргахаа болиход гэртээ зураг зурж, баримлаар юм хийж, улстөр ярьж өссөн, арван насандаа ангидаа шинэ жилд зориулан Үнсгэлжин жүжиг тавих гэж найруулагч болж тоглохдоо өөртөө хунтайжийн дүр өгч байсан тэр охин биетэй хүүхэд тань үнэндээ банди байсныг та мэдэж амжаагүй нас барсан. Банди бандидаа бэлгийн чиг баримжааны хувьд гайхамшигтай эмэгтэйлэг банди нар, үлгэр мэт эршүүд охидод татагддаг бандитай байсан шүү, та.

Би таныг санадаг. Одоо та амьд байсан бол эхэндээ ээжээс бага ойлгох ч, сүүлдээ, одоо ээжээс ч илүү намайг хүлээн зөвшөөрч, ээжид минь сэтгэлийн хат нэмэх байсанд би итгэдэг. Учир нь би таныг яг өвчсөн учир та намайг хараад, ойлгоод “Хүү минь” гэж уйлах байсан учир. Аав аа, амьд явахад алтан аяганаас уус уухдаа биш, алдаагаа засах боломжтой байдагт тэгэж хэлдгийг би бас харсан учир өөрийнхөө ард буруу зүйл үлдээхгүйг хичээдэг болоод удаж байгаа. Ямартаа ч хүү нь хичээсээр байгаа шүү.

Хүү тань.