Ижил хүйсийн харилцаан дахь хүчирхийллийн талаар ЛГБТИ хүмүүс тэр бүр ярих дургүй. Найз нөхөд нь хүчирхийлэлтэй харилцаанд байлаа гэхэд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэгийг өгч чаддаггүй учир хүчирхийлэлд буй ЛГБТИ хүн эргээд хүчирхийлэлтэй харилцаагаа сонгох нь бодит байдал. Гэр бүл, дотны хамтрагчийн хүчирхийлэл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас үл шалтгаалах мэт боловч ижил хүйсийн харилцаанууд нийгмээс ирэх ялгаварлан гадуурхалт, хувь хүмүүсийн дотоод гомофоби, трансфоби, цөөнхийн стрессээс үүдэн стрэйт харилцаануудаас илүү хүчирхийлэлтэй байдаг гэсэн магадлалыг Ноортвээстэрн Их сургуулийн Анагаахын сургуулийнхан гэр бүл, дотны хамтрагчийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаанууд дээр үндэслэн тогтоожээ. ЛГБТИ хосуудын 25%-75% нь хүчирхийлэлтэй хосын харилцаанд байдаг гэсэн тоог дээрх судалгаа гаргаж ирж байгаа ч ижил хүйсийн хосын хүчирхийллийг тэр бүр цагдаа болон нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад мэдэгддэггүй учир энэ талаар бүрэн дүр зургийг гаргах боломжгүй ба ижил хүйсийн харилцаан дахь хүчирхийлэл энэ тооноос илүү өндөр байх магадлалтай гэжээ.

Хосын хүчирхийлэл нь зөвхөн бие махбодын эсвэл бэлгийнх байдаггүй. Нүдэнд үзэгдэж, гарт баригдах үр дагавар бүхий эдгээр хүчирхийллийн хэлбэрээс гадна хүн бүр төдийлөн сайн мэддэггүй, магад хүчирхийлэл хэмээн ойлгодоггүй өөр хоёр төрлийн хүчирхийлэл байдаг нь сэтгэл зүйн хүчирхийлэл ба санхүүгийн хүчирхийлэл юм. Эдгээр нь бие махбодын хүчирхийлэлтэй яг адил эсвэл түүнээс илүү хүнд, урт хугацааны үр дагавартайг сэтгэл зүйчид хүлээн зөвшөөрчээ. 

СЭТГЭЛ ЗҮЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Сэтгэл зүйн хүчирхийллийг таних амаргүй. Ийм төрлийн хүчирхийллийг даван туулж буй хүн өөрөө хүчирхийлэлд байгаа эсэхээ ч ихэнхдээ мэддэггүй ч амьдралынхаа хяналт, өөрийгөө алдсан мэт мэдэрч, сэтгэл гутралд автах, бусдаас хөндийрөх, өөртөө итгэх итгэлээ алдахаас гадна архи тамхины хэрэглээ ихсэх, ямарваа байдлаар эрсдэлт зүйл хийх гэх мэтээр өөртөө хорт хүргэж эхэлдэг. Таны харилцаанд сэтгэл зүйн хүчирхийлэл байгаа эсэхийг тодорхойлохын тулд эн тэргүүнд та өөрөө харилцаандаа юу мэдэрдэг, юу хийж байгаагаа харах нь чухал. Сэтгэл зүйн хүчирхийлэлтэй харилцаанд байгаа хүн шүүмж, уур, үгүйсгэл, доош хийх үг ба үйлдэл хүлээхгүйн тулд, шийтгэлд нь чимээгүй, хөндий байдлаар эсвэл ууртайгаар хандуулахгүйн тулд байнга өөрийн үг, үйлдлээ хянаж, хостоо тааруулж шүүлтүүрддэг болдог. Сэтгэл зүйн хүчирхийлэл нь бусад төрлийн хүчирхийлэлтэй хамт явагддаг ч дангаараа ч тохиолддог.

ЛГБТИ хүмүүсийн хосын харилцаанд эрх ба үүргийн тэгш бус байдал заншил болсон, аль нэг нь нөгөөгийн амин чухал, анхдагч (жишээ нь унтах, идэх, хайр энхрийлэл мэдрэх) хэрэгцээнүүдийг үл хайхардаг бол харилцаа сэтгэл зүйн хүчирхийлэлтэй гэсэн үг. ЛГБТИ хүмүүсийн онцлогоос шалтгаалах хэд хэдэн байдлаар илэрдэг нь ижил хүйсийн хос хамтрагчийнхаа бэлгийн чиг баримжаа, эсвэл ХДХВ-ын статус, эсвэл хүйсийн баримжааг нь хүмүүст илчилнэ гэж сүрдүүлэх, хамтрагчаасаа ямар нэгэн байдлаар хараат байдлыг ашиглан түүгээр нь нээнтэглэн харилцаанд давуу эрх мэдлийг тогтоох явдал байдаг. ЛГБТИ хүмүүсийн дотны харилцаанд түгээмэл тохиолддог өөр нэг сэтгэл зүйн хүчирхийлэл нь транс хосоо хүчирхийлэх явдал байдаг. Үүнд транс хүнийг шилжилтэд орох хэрэгцээг нь үл тоох, үл ойшоох, үгүйсгэх, эсвэл транс хүний бие эрхтэний хувьд эмзэг хязгааруудыг нь давах, хязгааруудыг нь үл хүндэтгэх, бие эрхтэнийх нь онцлогоор доромжлох, түүгээр нь хочлон дуудах гэх мэт байдлаар илэрдэг. Интерсекс хүмүүсийн хос ч мөн адил интерсекс хүнийг бие эрхтэний онцлогоор нь доромжлох, интерсекс байдлыг нь бусдад илчилнэ хэмээн сүрдүүлдэг бол энэ бас л сэтгэл зүйн хүчирхийлэлд багтдаг. Эцсийн дүндээ сэтгэл зүйн хүчирхийлэл нь хосынхоо өөртөө итгэх итгэлийг үгүй хийх, тэгснээр өөрөөсөө улам хараат болгон хянах, хяналтаа үргэлжлүүлэх гол зорилгыг агуулдаг.

Таны хамтрагч дараахь зүйлсийн аль нэгийг эсвэл бүгдийг танд байнга хэлдэг бол та сэтгэл зүйн хүчирхийлэлтэй харилцаанд байна.

  • Чи үнэхээр тэнэг.
  • Чамтай хэн ч байхыг хүсэхгүй.
  • Чи царай муутай/бүдүүн/ой гутам.
  • Чи дандаа юмыг мушгидаг.
  • Яагаад чамайг тэсээд байдгаа мэдэхгүй юм.
  • Чи хэзээ ч наадахаа хийж чадахгүй.
  • Чи сэтгэцийн өвчтэй.

Сэтгэл зүйн хүчирхийлэл хугацаа өнгөрөх тусам дээрддэггүй, улам хүндэрдэг ба бие эрхтэний хүчирхийллээс ч илүү хүнд үр дагавраар хүний бие махбод болон сэтгэцэд нөлөөлдөг. Ийм хүчирхийлэлд байснаараа та айдаст автаж, бусдаас тусгаалагдсанаа мэдэрдэг. Дараахь асуултуудад “Тийм”, “Үгүй” гэсэн хариултын аль нэгийг сонгоод, итгэлгүй байвал асуултын зан үйл таны харилцааны 50%-д явагддаг эсэхээр бодож хариулаарай. Эцсийн үнэлгээ асуултуудын доор бий.

  1. Таны хамтрагч тань руу байнга орилж, таныг доромжилдог.
  2. Таны хамтрагч урьдчилж таашгүй байдлаар гэнэт дэлбэрч танд уурладаг.
  3. Таны хамтрагч таныг дооглож эсвэл тоглоом мэтээр эвгүй байдалд оруулдаг.
  4. Таны хамтрагч тань руу хараал эсвэл доромж үгээр харьцдаг.
  5. Таны хамтрагч таны үг, биеийн хөдөлгөөнийг дуурайж тохуурдаг.
  6. Таны хамтрагч таныг байнга шүүмжилж, доош нь хийдэг.
  7. Таны хамтрагч таныг айлгах, эвгүйрхэх зүйл хийдэг.
  8. Таны хамтрагч таныг өөрийгөө өмгөөлөх тохиолдолд улам их уурладаг.
  9. Таны хамтрагч таны мэдрэмжийг үгүйсгэдэг эсвэл огт тоодоггүй.
  10. Таны хамтрагч таныг хэт мэдрэмтгий, эмзэг гэдэг.
  11. Таны хамтрагч танд гэм мэдрүүлж, түүнээс өмнөх амьдралын зүйлээр ч нээнтэглэдэг.
  12. Таны хамтрагч танаар доромжилсон, нэр төрд харш зүйлс хийлгэдэг.
  13. Таны хамтрагч тантай мэдрэмжээ ярилцдаггүй, хөндий.
  14. Таны хамтрагч танд энэрэнгүй ханддаггүй.
  15. Таны хамтрагч таны хүрсэн амжилтуудыг үгүйсгэдэг.
  16. Таны хамтрагч танд үнэн бус зүйлсийг үнэн гэж тулгадаг.
  17. Таны хамтрагч таныг дорд үзсэн, шүүмжилсэн харцаар байнга хардаг.
  18. Таны хамтрагч хүссэнээр нь юм хийхгүй бол уурладаг.
  19. Таны хамтрагч танд итгэдэггүй, харддаг.
  20. Таны хамтрагч таныг орхиж явах, таныг анхаарахгүй байх байдлаар шийтгэдэг.
  21. Таны хамтрагч таны хязгааруудыг байнга давдаг.
  22. Таны хамтрагч таны алхам бүрийг хянадаг.
  23. Таны хамтрагч таныг амьдралынхаа асуудал, хүндрэлдээ буруутгадаг.
  24. Таны хамтрагч дуугаа хураах гэх мэт байдлаар тантай харьцдаггүй.
  25. Таны хамтрагч таныг хянахын тулд танд энхрийлэл, секс өгдөггүй.
  26. Таны хамтрагч таныг уурлуулахын л тулд зарим зүйлийг хийдэг.
  27. Таны хамтрагч өөрийнхөө хүчирхийллийн үйлдлийг үгүйсгэдэг.
  28. Таны хамтрагч харилцааг орхиж явна гэж сүрдүүлдэг.
  29. Таны хамтрагч таны мэдрэмжийг солиотой, үндэслэлгүй гэдэг.
  30. Таны хамтрагч гэр орны ажилд тусладаггүй.
  31. Таны хамтрагч таны мөнгө, худалдан авалтыг хянаж, авсан зүйлсийг тань эвдэж сүйтгэдэг.
  32. Таны хамтрагч өөрийнхөө үйлдэлд таныг буруутгадаг.
  33. Таны хамтрагч таныг гадуур гарахыг эсвэл найзуудтай уулзахыг ямар нэг аргаар хорьдог.
  34. Таны хамтрагч юм авч шидэж, юм өшиглөдөг.
  35. Таны хамтрагч таныг сүрдүүлэх зорилготой нүүрний хөдөлгөөн, үйл хөдлөл гаргадаг.
  36. Таны хамтрагч таныг хүсээгүй байхад секс хийх гэж дайрдаг, хамгаалалтгүй секс хийдэг.
  37. Таны хамтрагч бусдыг таны эсрэг турхирдаг.
  38. Таны хамтрагч таныг зодно, эсвэл хүчиндэнэ гэж сүрдүүлдэг.
  39. Таны хамтрагч таны хүүхдүүдээр түрий барьж, таныг сүрдүүлдэг.
  40. Таны хамтрагч хүүхдүүдийг хүчирхийлнэ гэдэг.

Бүх “Тийм” хариултаа тоолоод доорх хариуг харна уу. Дээрх зүйлс ганц хоёр удаа болж байсан бол тэр нь сэтгэл зүйн хүчирхийлэл биш ба сэтгэл зүйн хүчирхийлэлд тооцогдохын тулд дээрх үйлдлүүд байнгын, давтагдсан шинж чанартай байх ёстой. Сэтгэл зүйн хүчирхийлэл нь хамтрагчаа хянах зорилготой үйлдэл ба эрх мэдлийн тэнцвэргүй байдал, зан үйл хүндрэх, давтамж олшрох байдлаар илэрдэг.

1-10

Таны хосын харилцаанд тодорхой сэтгэл зүйн хүчирхийлэл явагдаж байна. Азаар энэ нь таны харилцааг тодорхойлох хэмжээд очоогүй учир одоо л харилцаандаа байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээ аваарай. Хүчирхийлэл хэмээн харж буй зүйлсийг хараад, эдгээрт та ямар хариу үзүүлдгээ санаарай. Тайван байдлаар эдгээрийг хамтрагчдаа тайлбарлан, түүний үйлдэл танд ямар мэдрэмж төрүүлдгийг хэлээрэй. Хүчирхийллийн үйлдлийг тэвчихгүйгээ бат илэрхийлэх ёстой. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдахаас өмнө эдгээр үйлдлийг таньж, зогсоогоорой. Харилцаагаа аврахын тулд та хоёр хамтдаа ямар зүйл сурах ёстойг тодорхойлоорой.

11-21

Таны хамтрагч тулган шаардах, доош нь хийх гэх мэт хүчирхийллийн олон зан үйлийг үйлддэг байна. Тэрээр сүрдүүлэх, сэтгэл зүйгээр чинь тоглох, дуугүй болсноороо эсвэл илтээр хянах гэх мэт аргуудыг хэрэглэдэг ба эрх мэдлийг мэдрэхийн тулд тань руу дайрдаг. Энэ бол түүний хувьд тоглоом болсон байна. Эдгээр үйлдлийг нь олж харснаар үүнийг зогсоох ёстой. Үгүй бол энэ нь улам даамжирч, таны сэтгэцийн эрүүл мэндэд тун ноцтойгоор нөлөөлнө. Энэ асуудлаар та өөрөө илүү ойлголттой болох нь чухал.

22-32

Сэтгэл зүйн хүчирхийлэл нь нэгэнт та хоёрын харилцааны өдөр тутмын бодит байдал болжээ. Бие биеэ хүндэлсэн, эрүүл саруул зүйл энэ харилцаанд алга. Хамтрагчдаа та хайртай ч өөрөө айдас, түгшүүрт автаж, өөрийгөө үнэлэхгүй болсноосоо үүдэн түүнээс улам хараат болжээ. Хамтрагч тань таныг хянах, хүчирхийлэх үйлдлүүдээ ихэсгэснээр та өөрийгөө хэн ч биш болсон мэт мэдэрдэг болсон. Энэ хүн таны амьдралд хамгийн чухал хүн болсон ба бүх зүйл эргээд хэвийн байдалд орно гэж та найддаг. Хэрэв бие биедээ хайртай ба харилцаагаа аврахыг хүсч байвал одоо л сэтгэл зүйн зөвлөгөө авах цаг.

33-40

Таны харилцаа байнгын сэтгэл зүйн хүчирхийллээс үүдэн маш хүнд байдалд хүрчээ. Энэ байдал хэт удаан үргэлжилсэн учир та клиник сэтгэл гутрал эсвэл ямар нэг өөр сэтгэцийн асуудалтай байх магадлалтай. Таны хамтрагч таны оршихуйг бүхэлд нь үгүйсгэж, доош нь хийсээр өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэл огт байхгүй түвшинд очжээ. Өөрийгөө хамгаалах, өөрчлөлт хийх чадал танд бараг л үгүй ч энэ болгоныг зогсоох, харилцааг дуусгах туслалцаа танд хэрэгтэй байна. Та өөрийн хүч чадлаа эргэж олохын тулд зайлшгүй сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. Та энэ байдалд үлдэх ёсгүй.

САНХҮҮГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Санхүүгийн хараат бус байдал нь хүчирхийлэлтэй харилцаанаас гарахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Ихэнхдээ хүчирхийлэгч даван туулагчийн мөнгө зарцуулалт болон худалдан авалтыг хянадаг ба хос нэг данстай бол түүнийг ганцаар ашиглах нь их. 

Санхүүгийн хүчирхийлэл дараахь болон өөр хэлбэрүүдээр илэрч болдог. Үүнд:

  • Хамтрагчийнхаа зөвшөөрөлгүй түүний мөнгө, карт эсвэл өмчийг авах, сүйтгэх
  • Хамтрагчдаа мэдэгдэлгүй өрөнд орох
  • Хамтрагчийнхаа кредит оноог албаар дордуулах
  • Ажил хийх, мөнгө олохыг нь шууд эсвэл шууд бусаар хорих
  • Цалинг нь хурааж авах
  • Хамтрагчдаа хэлэлгүй түүний банкны картуудыг хүчингүй болгох
  • Ажил дээрээ амжилт гаргаж чадахгүй болтол ажил дээр нь хүнд байдалд оруулах
  • Гэр орны төсөвт нэмэрлэхгүй байх
  • Өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг авахгүй байх
  • Хамтрагчдаа мэдэгдэлгүй өөр банкны дансуудтай байх
  • Хамтрагчийнхаа зарцуулалтыг нэг бүрчлэн тооцох, дураараа зарцуулсан бол шийтгэх

Таны амьдралд ийм төрлийн хүчирхийлэл байгаа бол ЛГБТ Төвийн тусламжийн утас болох 9515 9270 утсаар бидэнтэй холбогдож, анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд ЛГБТ Төв нь мэргэшсэн сэтгэл зүйн мэргэжилтнүүд рүү таныг явуулах болно. Мөн ижил хүйсийн хүчирхийллийн талаар дараахь нийтлэлийг уншиж, ойлголтоо нэмээрэй.