Юу: ЛГБТ Төв нь урлагаар дамжуулан ЛГБТИ эрхийг дэмжих бодлогыг 2014 оноос хэрэгжүүлж байгаа ба 2017 оноос эхлэн ЛГБТИ уран зохиолыг дэмжих анхныхаа хоёр төслийг амжилттай гүйцэтгэсэн нь “Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи орчуулгын ном, А. Зоригийн “Homo Liber эссе цуглуулгын ном юм. Энэ хоёр номын худалдаанаас босгох хөрөнгө нь Монголын күийр уран зохиолыг дэмжих сангийн үндэс болох ба номын дэлгүүрүүдээр 12 сарын 10-нд худалдаанд гарна.

Зөвлөлийн гишүүний үндсэн ажил үүрэг: Күийр уран зохиолыг дэмжих зөвлөл нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, сайн дурын үндсэн дээр ажилладаг зөвлөл юм. Зөвлөл нь жилдээ 2 удаа заавал хуралдахдаа тухайн жилдээ ямар сэдвээр бүтээл хүлээж авахыг шийдэх нэг дэх уулзалт, тухайн уулзалтаар гаргасан шийдвэрийн дагуу зохиолч, орчуулагчдаас ирсэн саналуудаас сонгон шалгаруулах хоёр дахь уулзалтыг хийж, жилдээ 2 ном шалгаруулан ЛГБТ Төвийн Гүйцэтгэх багийн тусламжтай хэвлэж, нийтэд сурталчлах үйл ажиллагаа явуулна. 2 ном нь  1) залуу зохиолчдын ЛГБТИ сэдэвт үргэлжилсэн үг, шүлэг эсвэл эссе ном болон 2) гадаадын ЛГБТИ сэдэвт эсвэл ЛГБТИ зохиолч, яруу найрагчдын орчуулгын ном байна. Энэхүү зөвлөл нь шинээр байгуулагдаж байгаа утгаар зөвлөлийн ажил үүргийн нарийн хуваарь, үйл ажиллагааны зарчим, журам гэх мэтийг 2018 оны эхний улиралд хуралдах анхны уулзалтаар тодорхойлно.

Зөвлөлийн гишүүний нэмэлт, гэрээт ажил: Тухайн жилийн номын борлуулалттай холбоотой хөрөнгө босголтоос хамааран ирсэн бүтээлүүдийг хянах, редакторлох ажилд цалин, урамшуулал өгөх боломжтой бол сонгосон хоёр номон дээр зөвлөлийн гишүүдээс сонгон гэрээгээр ажиллуулна.

Күийр уран зохиолын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага: Зөвлөлийн гишүүн нь уран зохиол, яруу найргийг мэргэжлийн буюу шүүмжлэгчийн түвшинд сонирхдог, монгол хэлээ бүрэн эзэмшсэн, гадаад нэг эсвэл түүнээс дээш хэл бүрэн эзэмшсэн (англи, франц, испани, герман, хятад, япон хэл дээрх ЛГБТИ уран зохиолын эртний уламжлал бийг харгалзан үзээд эдгээр хэлээс монгол хэл рүү бүтээл орчуулах саналыг мэргэжлийн түвшинд үнэлж чадахуйц хэмжээнд эзэмшсэн байх), шүүмжлэлт сэтгэхүй сайтай, ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг бүрэн эдлүүлэхэд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, бүтээлч сэтгэхүйтэй.

Сонирхсон хүмүүс 2018 оны 1-р сарын 31-ний дотор ЛГБТ Төвийн info@lgbtcentre.mn цахим шуудангаар Күийр уран зохиолын зөвлөлд орж ажиллах үндэслэлээ илэрхийлж тайлбарласан захидлаа өөрийн CV-тэй хамт ирүүлнэ үү. ЛГБТ Төв нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа болон бусад үндэслэлээр үл ялгаварлах бодлого баримталдаг болно.