Дэлхийн хамгийн алдартай гей медиа сувгуудаар Өвлийн Олимпод оролцож буй гей эрчүүдийн талаарх мэдээлэл сүүлийн үед нэлээд цацагдаж байна. Тэднээс дурдахад Өвлийн Олимпод оролцож буй энэ жилийн анхны нээлттэй гей тамирчдын нэг Adam Rippon-ы талаарх мэдээлэл ЛГБТ медиа сувгуудийн онцлох сэдэв байлаа. Тэгвэл энэ удаад “Пёнчан 2018”-д оролцож буй күийр бүсгүйчүүдээ онцолж байна. Эдгээр гайхалтай 5 бүсгүйтэй танилцана уу! 👏👏👏👏👏

 

1. Daniela Iraschko-Stolz 

Австри Улсын цанын харайлтын тамирчин бүсгүй маань Олимпын медальт тамирчин юм. Өнгөрсөн удаагийн Орост болсон Олимпын наадмын үеэр тэрбээр медаль хүртсэн 2 дахь нээлттэй ЛГБТ тамричин болж байлаа. 2014 оны Өвлийн Олимпын үеэр түүний талаарх мэдээллүүд нэлээд олны сонирхлыг татаж байсан бөгөөд тамирчин бүсгүй маань 2013 онд эхнэр Isabel Stolz-той гэрлэсэн гэнэ. 2014 оны Олимп Орост болж байсан нь нээлттэй гей тамирчдад нэлээд хүнд даваа байсан ч тэрбээр ийнхүү хэлж байжээ: “Би өөрийгөө нуухыг хүсэхгүй байна… бусад хүмүүс миний талаар юу гэж бодох нь надад үнэхээр хамаагүй.”

2. Cheryl Maas

Голландын сноубордингийн тамирчин бүсгүй 2014 оны Оросын Сочигийн Олимпод оролцож байхдаа солонгын өнгө болон ганц эвэртийн дүрстэй ЛГБТ олон нийтийн бахархлын бэлэг тэмдэг бүхий бээлийгээ камерын өмнө даллаж бахархалтай гэгч нь ЛГБТ гэдгээ илэрхийлж байсан билээ. “Пёончан-2018” түүний 3 дахь удаагийн Олимп бөгөөд тэрбээр сноубордингийн тамирчин Stine Brun Kjedlaas-тай гэрлэсэн бөгөөд хос 2 хүүхэдтэйгээ өнөр өтгөн амьдардаг ажээ.

3. Barbara Jezeršek

Цанын спортын холын төрөлд өрсөлддөг тамирчин бүсгүй “Сочи-2014”-т өөрийн төрсөн нутаг Словени Улсаа төлөөлөн оролцож байсан бол “Пёнчан-2018” наадамд Австрали Улсыг төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэрбээр Австрали Улсын иргэн болсон юм байна. Өнгөрсөн удаагийн Олимпоор Орос Улс дахь ЛГБТ хүмүүсийн тухай ярихыг хориглосон хуулийн эсрэг дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлж байсан тамирчдын нэгээр түүнийг нэрлэдэг.

4. Ireen Wüst

Тэр бол жинхэнэ дайчин. Олимпын наадмаас тэр аль хэдийн 4 алт, 3 мөнгө, 1 хүрэл гэсэн 8 медаль хүртэж амжсан. 19 насандаа анхны алтан медаль авч байсан бөгөөд энэ нь түүнийг Голланд Улсын хамгийн залуу алтан медальт тэшүүрийн уралдааны тамирчин болгож байлаа. 2009 оноос эхлэн бисексуал гэдгээ нээлттэй илэрхийлэн амьдарч эхэлсэн бөгөөд түүний найз охин нь мөн тэшүүрийн спортын тамирчин Letitia de Jong юм.

5. Belle Brockhoff

View this post on Instagram

Lights, camera, dandruff! @channel7

A post shared by Belle Brockhoff (@bellebrockhoff) on

“Сочи-2014” наадмын нээлтийн өмнөх өдөр тамирчин бүсгүй лесбиян гэдгээ олон нийтэд зарласан бөгөөд үүгээрээ дамжуулан Орос Улсын ЛГБТ хүмүүсийн эсрэг хууль тогтоомжийг эсэргүүцэж байжээ. Австрали Улсын цанын спортын тамирчин бүсгүй маань хэдхэн сарын өмнө өвдгөндөө хэд хэдэн бэртэл авсан боловч энэ удаагийн “Пёнчан-2018”-д өрсөлдөхөөр аль хэдийн бэлэн болсон байна.