Бэлгийн чиг баримжаа гэж юу вэ?

Бэлгийн чиг баримжаа нь:

  • эсрэг  (гетеросексуал буюу стрэйт)
  • ижил (эрэгтэйчүүдийг гей, эмэгтэйчүүдийг лесбиян)
  • аль ч хүйсийн хүмүүст (бисексуал)

сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно  харилцаа үүсгэх хүн бүрийн гүн гүнзгий мөн чанар юм.

Бэлгийн чиг баримжаа биологийн үндэстэй буюу төрөлхийн, эпигенетик үндэстэй болох нь батлагдсан.

 

Хүйсийн баримжаа, илэрхийлэл гэж юу вэ?

Хүйсийн баримжаа нь хүн бүр хувь хүнийхээ үүднээс өөрийн хүйсээ төрөлхийн хүйстэйгээ

 

  • ижлээр (сизжендэр)

 

  • өөрөөр буюу эсрэгээр (трансжендэр)

гүн гүнзгий мэдрэх мэдрэмж ба өөрийн биеийн тухай мэдрэмж юм.

 

Хүйсийн илэрхийлэл нь хүн биеэ авч явахдаа ихэвчлэн эмэгтэйлэг, эрэгтэйлэг эсвэл хүйсийг нь тодорхойлох боломжгүй байдлаар илэрхийлж буй байдлууд болох хувцаслалт, үс засалт, хоолой болон бие махбодын шинж тэмдгээр илэрдэг.

Хүйсийн баримжаа, илэрхийллийг бэлгийн чиг баримжаатай хутгаж болохгүй учир нь сизжендэр хүмүүс гурван төрлийн бэлгийн чиг баримжаатай байдаг шиг трансжендэр хүмүүс ч мөн л гурван төрлийн бэлгийн чиг баримжаатай байдаг.

 

ЛГБТИК гэдэг товчлол нь ямар үгсийн товчлол вэ?

ЛГБТИК гэдэг нь бэлгийн цөөнхийг хэлэх олон улсын хэвшмэл нэр томъёоны товчлол юм.

  • “Л” гэдэг нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэйчүүд буюу лесбиян,
  • “Г” нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эрэгтэйчүүд буюу гей,
  • “Б” нь аль аль хүйсийн хүмүүст чиглэсэн бэлгийн чиг баримжаатай бисексуал хүмүүс бол
  • “Т” нь өөрийн хүйсийг төрсөн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрч, мэдэрч буйгаараа хүйсээ илэрхийлж амьдардаг транс хүмүүсийг хэлдэг.
  • “И” нь аль аль хүйсийн анхдагч болон хоёрдогч бэлгийн шинж чанарыг буюу хромосом, гонад болон бэлэг эрхтэний хувьд эр, эм аль хүйст хамаарахыг нь шууд хэлэх боломжгүй хүмүүсийг интерсекс гэнэ.
  • “К” буюу күйр гэдэг нь дээрх бүх тодорхойлолтыг багтаасан шүхэр гэж ойлгож болох юм.
  • Жендэркүийр нь өөрийн хүйсийг төрсөн хүйсээсээ өөрөөр буюу аль ч хүйсд хамааруулахгүй тодорхойлдог, эсвэл бэлгийн чиг баримжаагаа аль ч бэлгийн чиг баримжаанд хамааруулахгүй тодорхойлдог хүмүүсийг күийр гэнэ.

ЛГБ хүмүүс нь бэлгийн чиг баримжаагаараа бэлгийн цөөнхөд багтдаг бол Т хүмүүс нь хүйсийн баримжаа, илэрхийллээрээ бэлгийн цөөнхөд багтдаг.    

 

Бэлгийн чиг баримжаа төрөлхийн үү, олдмол уу? Хэзээ илрэх вэ?

Бэлгийн чиг баримжаа гэдэг нь төрөлхийн, хүн хүндээ татагдах, дурлах мөн чанарыг хэлдэг ойлголт юм. Бэлгийн чиг баримжаа бэлгийн зан үйлээр илэрхийлэгдэж ч болно, үгүй ч байж болно. Хичнээн бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөх боломжгүй ч хүйсийн шилжилтэд орсон трансжендэр хүмүүсийн бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөх боломжтойг судалгаагаар батласан байдаг. Бэлгийн чиг баримжаа ихэнхдээ бэлгийн бойжилтын насанд илэрдэг. Гадны нөлөөнөөс, жишээ нь: хүнд уруу татагдаж, эсвэл шохоорож, сонирхсноос болж бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй. 1963 онд Америкийн сэтгэл зүйчдийн холбооноос ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг бишийг тогтоосон ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг олон улсын өвчний жагсаалтаас хассан байдаг.   

 

Хүйсийн баримжаа төрөлхийн үү, олдмол уу? Хэзээ илрэх вэ?

Хүйсийн баримжаа нь хүн бүрийн өөрийн хүйс, биеэ мэдрэх гүн гүнзгий, төрөлхийн мэдрэмж учир хүүхэд маш бага наснаасаа үүнийгээ мэдэрч, илэрхийлж байдаг.

Хүйсийн баримжаа ихэнхдээ хүүхдийн бага насанд илрэх ч транс байдал илрэх тодорхой насыг заах боломжгүй. Хүйсээ төрсөн хүйстэйгээ ижил хэмээн мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг сизжендэр гэдэг бол хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг трансжендэр гэдэг. Даавар болон мэс заслын аргаар шилжилтэд орсон хүнийг транссексуал гэнэ.

 

Бэлгийн чиг баримжаа ба бэлгийн зан үйлийн хооронд ялгаа бий юу?

Бэлгийн чиг баримжаа нь хүнд татагдах, дурлах сэтгэл, оюун, бэлгийн салшгүй мөн чанар. Бэлгийн зан үйл нь бэлгийн үйлдэл л төдий. Бэлгийн зан үйл буюу үйлдэл нь бэлгийн чиг баримжаанд суурилсан ч байж болдог, үгүй ч байж болдог. Жишээ нь, хүйсээр тусгаарлах дээр үеийн сүм хийд, одоогийн цэргийн хуаран, хорих газрууд гэх мэт газруудад ижил хүйсийн бэлгийн зан үйл их байдаг ч энэ бол нөхцөл байдлаас үүдсэн бэлгийн зан үйл гэж тооцогддог ба энэхүү ижил хүйсийн бэлгийн хавьталд орж буй хүмүүс өөрсдийгөө ЛГБ гэж тодорхойлох нь цөөн байдаг.   

 

ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн байдал Монголд ямар байна? Хүмүүсийн эрх яг яаж зөрчигдөж байна? Нийгмийн хандлага ямар байна?

Нийгмийн сөрөг хандлагаас үүдсэн төрөл бүрийн ялгаварлан гадуурхалт нийгмийн бүх салбарт байсаар байна.

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай олон нийтийн болон хүний эрхийн мэдлэг нимгэн байгаагаас сөрөг хандлагууд илэрсээр байдаг.

 

ЛГБТИ хүмүүсийн эрхийг ханган хамгаалахын тулд юу шаардлагатай байгаа вэ?

Хүний эрх гэдэг нь хоорондоо харилцан хамааралтай, түгээмэл, хуваагдашгүй гэсэн гурван цогц зарчимд суурилдаг. Нэг бүлэг хүмүүсийн хүний эрхийг нөгөө бүлэг хүмүүсийн эрхээс дээгүүр эсвэл доогуур авч үзэх ёсгүй. Тиймээс бэлгийн цөөнх хүмүүс хүний хувьд, иргэний хувьд яг ижил эрхийг эдлэх ёстой ч одоогийн байдлаар энэ боломжгүй байна. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомжтой болох, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэл үл хамааран хүн бүрт иргэнийхээ бүх эрх, үүргээ эдлэх боломжийг хангаснаар нийгэм маань хүн бүрээ тэгш эрхтэйг нь дээдлэдэг болно.   

 

Монгол Улсын Засгийн газраас ЛГБТИ хүмүүсийн эрхийг ханган хамгаалахын тулд юу хийж байна вэ?

ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах ёстой талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс авсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн тулд батласан 2011 оны 5-р сарын 18-ны өдрийн Засгийн газрын 159-р тогтоол, Хүний эрхийн зөвлөл болон Хүний эрхийн болон Эрүү шүүлтийн эсрэг хороодоос 2010 болон 2011 онуудад өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар батласан 2013 оны 7-р сарын 3-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 13-р тогтоол гэх мэт арга хэмжээ авсан байгаа хэдий ч салбарын яамд, газрууд эдгээр тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх санаачлага, алхамаар дутагдалтай ажиллаж байна. Салбар яамдаас ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон тушаалыг Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын яам 2013 онд, Эрүүл мэнд, спортын яам 2014 онд гаргасан. Шинээр боловсруулагдаж 2015 оны 12-р сарын 3-нд батлагдсан Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах гэмт хэргийг зүйлчилсэн ба шинэ Зөрчлийн тухай хууль болон Хөдөлмөрийн хуулинд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлахгүй гэсэн заалтуудыг мөн оруулж өгсөн. 2017 оны 7-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн юм.

 

Монголд бэлгийн цөөнх хэдэн хүн байдаг вэ? Сүүлийн үед ЛГБТИ хүмүүс ихсээд байна гэж хүмүүс ярих юм?

Бэлгийн цөөнх нь ямар ч орны хүн амын 10% гэсэн нийтлэг жишиг тоо байдаг. Нийгэм бүрт өөр өөр тоо гардаг нь тухайн оронд хүний эрхийг хэр хэмжээнд хамгаалсан, ЛГБТИ хүмүүс хэр нээлттэй амьдрах боломжтой асуудалтай шууд холбоотой. Жишээ нь, 2014 онд Иранд хийсэн судалгаагаар хүн амын насанд хүрсэн хүмүүсийн 18% ижил хүйсийн бэлгийн туршлагатай гэсэн тоо гарсан байдаг. 2000 оны АНУ-ын хүн амын тооллогын үеэр бэлгийн чиг баримжааг анх  удаа асуулгад багтаасан байдаг ба 2010 онд дахин багтааснаар тооллогын үр дүнд газар зүйн байршил үл хамааран ЛГБТИ хүмүүс бүх нийгэм-эдийн засаг, соёл, үндэстний гаралтай байдаг гэдгийг баталгаажуулсан байдаг. Монголын хувьд сүүлийн үед ЛГБТИ хүмүүсийн тоо ихсэж байгаадаа биш, өмнө нь нуугдмал амьдардаг байсан хүмүүс ил амьдарч эхэлсэнтэй холбоотой юм.    

ЛГБТИ эрхийг сурталчилснаар хүмүүсийг уруу татах юм биш үү? Чимээгүй байж болдоггүй юм уу?

Хүн болгон өөрийн насанд тохирсон мэдээллийг эрэлхийлэх, хүртэх, дамжуулах, түүнчлэн бусдын эрхэд халдсан бус байдлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт болон бусад Монгол Улсын нэгдэж орсон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажсан. Нийгэмд байсаар байгаа буруу, ташаа ойлголтыг үнэн, бодит мэдээллээр л зүгшрүүлэх учир ЛГБТИ эрхийн тухай, ЛГБТИ хүмүүсийн өмнө тулгарч буй бэрхшээлүүд, бодит байдлыг ярих ёстой болдог. Мэдээлэл өгснөөр хүнийг уруу татна гэсэн ойлголт үүсэхгүй, учир нь бэлгийн чиг баримжаа төрөлхийн, өөрчлөгддөггүй зүйл. Харин мэдээлэлгүй байдлын хор уршиг нь маш олон зүйл дээр илэрдэг. Жишээ нь, ЛГБТИ өсвөр насныхан гэр орныхондоо бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа илэрхийллээ гэхэд гэр орныхны зүгээс төрөл бүрийн хүчирхийлэл амсаж байгаа нь нийгэмд бэлгийн цөөнхийн талаар мэдээлэл, ойлголт тун бага байгаатай шууд холбоотой.  

 

ЛГБТИ хүмүүсийн эрхийг дэлхийн хэдэн улсад яаж хамгаалсан байдаг вэ?

Дэлхийн ихэнх улсад бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомжтой. Үүнд, Европ бүхэлдээ, мөн Латин Америкийн ихэнх орон, Төв ба Хойд Америкийн ихэнх орон болон Африкийн хэд хэдэн орон багтаж байна. Харин Аргентин, Бельги, Бразил, Канад, Дани, Грийнланд, Финлянд, Франц, Исланд, Ирланд, Люксембург, Мексик, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Словени, Өмнөд Африк, Испани, Швед, Их Британи, АНУ, Уругвай улсуудад ижил хүйсийн гэрлэлтийн хууль хэрэгждэг бол Андорра, Австрали, Австри, Чиле, Колумб, Хорват, Чех, Эквадор, Эстони, Герман, Унгар, Итали, Япон, Лихтенштэйн, Мальта, Швейцарь, Тайван, Венесуэл улсуудад ижил хүйсийн гэрлэлттэй тэнцэх иргэний гэрлэлтийн зохицуулалт байна. Харамсалтай нь ижил хүйсийн харилцан зөвшилцлийн үндсэн дээр хийгдсэн бэлгийн зан үйлийг Иран, Судан, Саудын Араб, Мавритани, Сомалид болон Нигерийн зарим хэсэгт цаазаар авах ялаар ялласаар байна.    

ХДХВ/ДОХ гей залуучуудын өвчин гэх юм билээ, хэр үнэн бэ?

1980-аад оны эхээр барууны орнуудад хурдацтайгаар тархаж байх үед гей болон бисексуал залуучуудын дунд нэлээд ажиглагдсан учир тухайн үед “гей хар тахал” гэсэн буруу нэршилтэй байсан ч сүүлдээ ямарваа эрсдэлт бэлгийн зан үйлээс болж ямар ч насны, ямар ч хүйсийн, ямар ч бэлгийн чиг баримжаатай хүмүүст халдаж болох халдвар гэдэг нь тогтоогдсон ба сүүлийн жилүүдийн судалгаагаар хөгжиж буй орнуудад эсрэг хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дунд нэлээд их тархаж байгаа өвчин. Монголын хувьд гей залуучууд байнга сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж буй утгаараа гей залуучуудын дунд нь илүү тархсан мэт харагдаж байгаа нь үнэн.   

 

“Тэгш эрх, бахархалын өдрүүд” үйл ажиллагаа яагаад хэрэгтэй вэ?

ЛГБТИ гэдгээрээ бахархах нь битгий хэл нээлттэй амьдарч буй ЛГБТИ хүмүүс цөөхөн байсаар байна. Гэтэл хүн бүр эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор нь хангах үүргийг төр хүлээсэн ч хүн бүр хүний эрхийг хүндэтгэх үүргийг мөн хүлээдэг. Хүн бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах, ЛГБТИ хүмүүс Монголын хүн амын түүхэн хэсэг байсаар байсан, байсаар байх болно гэдгийг ийм олон нийтийн хүний эрхийн боловсролыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа чухал.    

 

“Тэгш эрх, бахархалын өдрүүд” Монголд хэд дэх удаа болж байна вэ?

Анх 2013 оны 9-р сарын 22-28-ны хооронд “Бахархалын долоо хоног” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан. 2014 оноос “Тэгш эрх, Бахархалын өдрүүд” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Жил бүрийн 8-р сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулагддаг бөгөөд хүний эрхийн дэмжигчид, ЛГБТИК олон нийтийн хүсэн хүлээсэн тэмдэглэлт өдрүүд болсоор байгаа.

ЛГБТИ хүмүүсийн олон улсын баяр, тэмдэглэлт өдрүүд байдаг уу?

  • 3-р сар бүхэлдээ Их Британийн ЛГБТИ түүхийн сар
  • 3-р сарын 1 Zero discrimination day
  • 3-р сарын 8 ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр
  • 3-р сарын 31 Транс байдлыг ойлгох олон улсын өдөр
  • 4-р сарын 26 Лесбиян байдлын тухай мэдлэгээ тэлэх өдөр
  • 5-р сарын 17 АЙДАХОТБ
  • 6-р сар бүхэлдээ АНУ, Их Британи, Канада, Франц г.м. улсуудад Бахархлын сар
  • 7-р сарын 14 International non-binary day
  • 8-р сарын сүүлийн Баасан гаригаас эхлэн 7 хоног Монгол дах Тэгш эрх, Бахархлын өдрүүд
  • 9-р сарын 23 ОУ-ын бисексуал байдлыг тэмдэглэх өдөр
  • 10 сарын 11,12 Өөрийгөө илэрхийлэх үндэсний өдөр
  • 10-р сар бүхэлдээ АНУ-ын ЛГБТИ түүхийн сар
  • 10-р сарын 26 Интерсекс байдлын тухай мэдлэгээ тэлэх өдөр
  • 11 сарын 20 Трансжендэр хүмүүсийн гэгээн дурсгалын хүндэтгэх өдөр
  • 12 сарын 1 Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр
  • 12 сарын 10 ОУ-ын хүний эрхийн өдөр

 

“ЛГБТ Төв” ТББ-ын алсын хараа, хөтөлбөрүүд, ажлууд

“ЛГБТ Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2009 оноос хойш бэлгийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсэкс хүмүүсийн хүний эрхээр дагнан ажиллаж буй Монголын анхны ЛГБТИ хүний эрхийн байгуулага юм. Байгуулагдсан цагаасаа өргөн хүрээний нөлөөллийн үйл ажиллагаа авч хэрэгжүүлснээрээ 2010 онд Ардчилсан залуучуудын холбооноос “Хүний эрхийн тэмцэгч байгууллага” шагнал, 2011 онд Олон улсын гей, лесбиян хүний эрхийн хорооноос Фелипа дэ Сузагийн нэрэмжит шагнал, 2016 онд Азийн ЛГБТ эрхийн Asia LGBT Milestone Awards, 2016 онд APAC Insider Legal Awards-ын “Шилдэг хүний эрхийн тэмцэгч байгууллага” шагнал хүртсэн хүний эрхийн, тэр дундаа ЛГБТИ хүний эрхийн бүсийн, олон улсын холбоо, байгууллагын гишүүн байгууллага билээ.

 

Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэх соёлыг үүсгэх, хөхиүлэн дэмжих, ЛГБТИ хүмүүс болоод бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар буруу мэдээлэл, ойлголт зонхилсоор байгааг арилгахын тулд олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг өгөх нь нэн чухал байгаа энэ үед соёл урлагийн хэрэгслээр хүмүүст мэдээлэл хүргэх нь маш чухал. Тиймээс “ЛГБТ Төв” нь 2014 оноос урлаг соёлын хөхиүлэн дэмжих стратегийн чиглэлтэй болж, жилдээ нэг удаа визуал уран бүтээлчдийн дунд уралдаан, мөн 2013 оноос эхлэн бүх нийтийн хүний эрхийн боловсролыг сайжруулах “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулж эхэлсэн.  “ЛГБТ Төв” нь 2015 оноос эхлэн дотоод бүтэцдээ өөрчлөлт хийн, Эрх зүй, Эрүүл мэнд, Залуучуудын гэсэн хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улсад бэлгийн цөөнхийн эрхийг ханган хамгаалах асуудал дээр ажиллаж байна.

 

“ЛГБТ Төв” ТББ 2008 оноос хойш Монгол дахь ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх дараахь илтгэлүүдийг бэлтгэн явуулсан. Үүнд:

  • НҮБ-ын Хүний эрхийн хорооны Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэгт (2010, 2015 онд)
  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай гэрээний хороонд (2008, 2016 онд)
  • Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд (2011, 2016 онд)
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд (2015 онд)
  • Иргэний болон улстөрийн эрхий хороонд (2011, 2016 онд)
  • Хүүхдийн эрхийн хороонд (2017 онд)

Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд ЛГБТИ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зохицуулалтууд :

ЛГБТ Төвөөс 2010 оноос хойш үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг Эрүүгийн хуулинд багтаах ёстой талаар олон улсын болон үндэсний хэмжээнд нөлөөллийн ажлууд хийсний үндсэн дээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад анх удаа үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг болох ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба энэ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус хуулинд:

 

14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах

  1. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан,  эсхүл тодорхой үйлдэл, эс үйлдэхүй шаардсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн зүйлчилжээ.

 

  1. Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.хүч хэрэглэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

  1. Хүндрүүлэх нөхцөл байдал

Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж үйлдсэн нь зарим гэмт хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл болон орсон.

 

Трансжендэр хүмүүсийн эрхийг хангах зохицуулалт:

2009 оны 6-р сарын 25-нд Иргэний бүртгэлийн тухай хуулинд өөрчлөлт орсноор трансжендэр хүмүүсийн өөрийгөө тодорхойлж, амьдардаг хүйсэнд нь нийцсэн байдлаар шинэчилсэн бичиг баримт олгох талаар заалт орж, трансжендэр хүмүүсийн бичиг баримтын асуудлыг шийдэж өгсөн нь нэн дэвшилттэй. Бичиг баримт нь трансжендэр хүмүүсийн амьдардаг хүйсийн дагуу олгогдох нь трансжендэр хүмүүсийн аюулгүй амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт асуудалд нэн нээлтэй учир Монгол Улс энэхүү хуулийн заалтаараа бусад олон оронд үлгэр жишээ үзүүлэхүйц хэмжээнд байна хэмээн дүгнэж болно.

 

20 дугаар зүйл. Хүйс өөрчлөгдснийг бүртгэх

20.1. Монгол Улсын иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан, эсхүл байгалийн жамаар нэг хүйс нь давамгайлсан бол энэ тухай эмнэлгийн магадлагааг үндэслэн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэж, төрсний гэрчилгээ, иргэний нэмлэхийг шинэчлэн олгож болно.

 

Мөн түүнчлэн дараахь албан хаагчдийн ёс зүйн дүрэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээр ялгаварлан гадуурхахгүй байх талаар зааж, мөрдөгдөж байна. Эдгээрт:

  • Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл  ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтална (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11-р сарын 25-ны 446-р тушаалын 1-р хавсралт) Үл ялгаварлан гадуурхах гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаар алагчлахгүй байхыг  (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ)
  • Иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн төрөл, оршин суугаа газар, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, хэл соѐлын ялгаанаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх (Тулгуур зарчим, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 2-р сарын 24-ний өдрийн 55-р тушаалын хавсралт)
  • Эрүүл мэндийн яам: 2013, 2014 онд салбарын хөгжлийн бодлого болон салбарын мэргэжилтний ёс зүйд ялгаварлан гадуурхалтын эсрэг зарчмыг багтсан
  • Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм (Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт, 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар)
  • Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм (Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалын хавстралт, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар)    
  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим (Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралт)
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм (Ерөнхий байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх гэж заасан)

 

“ЛГБТ Төв”-д хүмүүс хэр их ханддаг вэ?

Өөрийн болон ах, эгч, дүүгийнхээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай илүү ойлголттой болохыг хүсч буй хүмүүс, мөн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээс үүдэн хүний эрх нь зөрчигдсөн тохиолдолд сэтгэл зүйн болон эрх зүйн туслалцаа авахаар хандах нь маш их.

 

“ЛГБТ Төв”-тэй холбогдох:

Утас: 70110323

Тусламжийн утас: 95159270

Имэйл: info@lgbtcentre.mn