Зарим бисексуал хүмүүс өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг илэрхийлсэн хурим хийхийг хүсдэг.

Ванесса Диллон ба Боб Биссонетт хоёр 9-р сарын 29-нд Австралийн Брисбейн хотноо болох өөрсдийнхөө хуримаар бисексуал гэдгээ илэрхийлэхийг зорьж байна. CreditCreditDean Swindell for The New York Times

“Бид энэхүү чухал өдрөөрөө күийр гэдгээ ахин дахин илэрхийлмээр байна. Бас бид үүнийгээ өөрсдийн гэр бүл, найз нөхөдтэйгөө нээлттэй тэмдэглэхийг хүсч байгаа.” гэж хатагтай Диллон хэлж байна.

Ванесса Диллон бол бисексуал эмэгтэй, тэрээр Боб Биссонеттей гэх бисексуал эрэгтэйтэй гэрлэж байгаа. Тэд хоёул урьд өмнө ижил болон эсрэг хүйсийнхээ хүмүүстэй хайр дурлалын харилцаатай байж үзсэн. Тэдний гэрлэлт хүмүүст стрэйт харагдаж байгаа ч тийм ч биш.
Хатагтай Диллон энэ тухайгаа “Хэрвээ би эмэгтэй хүнтэй гэрлэх гэж байсан бол хүн болгон намайг күийр гэж хэлэх байсан. Гэхдээ тийм биш, эрэгтэй хүний гараас атгаж байгаа болохоор хүн болгон намайг автоматаар стрэйт гэж дүгнэнэ. Хүмүүс зүгээр л нас явж, ухаан суух үедээ шууд стрэйт болчихдог гэж ойлгодог. ”
Тэдний хурим энэ сарын 29-ны өдөр Брисбейний ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд тэдний ойр дотны цөөхөн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй болох аж. Хосууд хуримаа онцгой байдлаар хийхээр ярилцжээ. Хуримын зоогийн бүх ширээ бахархлын тугийг илэрхийлсэн солонгын өнгөтэй уух зүйлсээр дүүрэн ба бисексуал бахархлын туг ягаан, нил ягаан, цэнхэр гэсэн гурван өнгийн зураасаар ширээгээ чимнэ. Мөн хуримд ашиглагдах бүхий л цэцгийг эдгээр өнгийн цаасаар урлаж байгаа аж.
Хосууд ёслолдоо бахархлын өнгийн конверс кет өмсөх бөгөөд шинэ хүргэн нил ягаан өнгийн зангиагаар гангарна.

“Бид бол нээлттэй күийр хүмүүс, энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрсдийнхөө амьдралын хамгийн онцгой өдрөө, гэр бүл найз нөхдийнхөө хүрээлэл дунд бахархалтайгаар тэмдэглэнэ”

гэж хатагтай Диллон хэлж байна.

Диллон, Биссонетте хоёр шиг асуудалтай хосууд маш олон байгаа. Олон нийт бисексуал хүмүүсийн гэрлэлтийг үгүйсгэх тохиолдолд элбэг. Тэд бол хэдий стрэйт гэр бүлийн амьдрал зохиосон ч өөрсдийн бэлгийн чиг баримжаагаа бүрэн илэрхийлж, авч үлдэхийг хичээж буй хүмүүсийн төлөөлөл юм.

АНУ-ын A Practical Wedding,гэрлэх ёслолын ордны ахлах ажилтан Эисенхарт “Тав зургаан жилийн өмнө бол бисексуал хүмүүсийн гэрлэлтийн тухай ярих бараг л хориотой байсан. Харин одоо бол бисексуал хүмүүс гэрлэлтийн дараа ч хэрхэн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг нээлттэй авч үлдэх вэ? гэдэгт анхаардаг болсон. Энэ бол том дэвшил” хэмээн өгүүлжээ.
Зөвхөн АНУ-ын хувьд гэхэд насанд хүрсэн нээлттэй ЛГБТК хүмүүсийн хувь 2017 онд өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн тухай Gallup poll-оос мэдээлжээ. Тус сайтаас эдгээр хүмүүсийн талаас ихэнх хувь нь өөрсдийгөө бисексуал хэмээн тодорхойлсон байдаг гэв.
Сүүлийн жилүүдэд бисексуал хүмүүст гэрлэсэн хойноо ч өөрийн бэлгийн чиг баримжаагаа нээлттэй байлгах нь их чухал болсон.
Тухайлбал 33 настай сэтгүүлч мэргэжилтэй Ирина Гонзалес тун удахгүй хуримаа хийх гэж байгаа. Тэрээр стрэйт хүнтэй гэрлэж байгаа ч өөрийнхөө бисексуал гэдгийг хуримынхаа нэг хэсэг байлгахаар шийджээ. Тэрээр “Би арван зургаан настайдаа кам аут хийж, эцэг эх маань тийм ч сайхан хүлээж аваагүй. Ихэнх хүмүүс үүнийг зүгээр л түр зуур ингэж байгаа юм гэж хэлдэг. Үүнээс болоод заримдаа би стрэйт хүнтэй гэрлэж байгаадаа гэмшдэг. Би тэдэнд өөрийнхөө бэлгийн чиг баримжааг зүгээр л “түр зуур” байгаагүй гэдгийг баталж чадаагүй юм шиг санагддаг. ” гэсэн байна.
Диллон хуримын бэлтгэл нь тийм ч хялбар байгаагүй тухай өгүүлсэн бөгөөд ихэнх хурим зохион байгуулагчид тэднийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс болохоор “энгийн” хурим хийнэ гэж бодож, хандаж байсан бол зарим нь тэдний төлөвлөгөөг сонсохыг ч хүсэхгүй байна гэсэн байна. Түүнчлэн Диллоны ээж түүнийг өмнө нь үерхэж байсан найз охидынхоо тухай ярихад их дургүй, таагүй хүлээж авдаг бөгөөд хүмүүсийн хажууд энэ тухай ярихгүй байхыг хүсдэг. Ингээд бэртэй биш, хүргэнтэй болж байгаадаа маш их баяртай байдаг ажээ.
Хатагтай Эисенхарт гэрлэлтээс үүдэн хүмүүсийн бэлгийн чиг баримжаа мартагдаж хоцордог тухайд “Амьдрал, хувь хүнийхээ их том хэсгээс гэнэт салах болно гэдэг үнэхээр сэтгэл шархлуулам дурсамж болох нь бий. Зарим бисексуал эмэгтэйчүүд эрэгтэй хүнтэй гэрлэхээсээ өмнө зөвхөн бүсгүйчүүдтэй болздог байсан байх нь ч бий. Тиймээс гэрлэлт бол бисексуал хүмүүсийн төгсгөл яасан ч биш” гэв.
Эх сурвалж: New York Times
Хураангуйлан орчуулсан: Oogiinoo