Та бүхэн ХДХВ болон бусад БЗДХ-ын талаарх мэдлэгээ бататгаарай!

 

Хөтлөгч Кенна: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа Mongolian Queer Podcast маань эхлэж байна. Энэ удаагийн дугааарыг  “YouthLEAD” гэх ТББ-аас болон  “Залуус – Эрүүл мэнд” ТББ-тай хамтран та бүхэндээ хүргэж байна.

ЗЭМ Төв ТББ-ын Facebook рүү энэ холбоосоор орно уу.

Холбогдох утасны дугаар: 7011 1240

Манай зочин өөрийгөө танилцуулна уу? Сайн байна уу?

Зочин: Сайн байцгаана уу? Намайг Сэцэн гэдэг. “Залуус – Эрүүл мэнд” ТББ-н SKPA хөтөлбөрийн мэргэжилтэн байгаа.

Кенна: Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа.

Зочин: Урьж оролцуулсанд бас баярлалаа.

Кенна: Өнөөдрийн дугаараар та бүхэндээ маш хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөр бэлдсэн. Ялангуяа 12 сарын 1-ыг тохиолдуулан Бэлгийн замын халдвар буюу ХДХВ-ын талаар илүү дэлгэрэнгүй бөгөөд аль болох товчхон мэдээлэлүүдийг өгөхийг зорих болно.

Хамгийн эхний асуулт  гэвэл ХДХВ гэж яг юу вэ? бас ДОХ гэдэг нь юу юм? Аль нэршлийг нь илүү ашиглах нь зохилтой юм бэ?

Зочин: Энэ нь  маш энгийн юм шиг боловч хүмүүсийн төөрөгдөөд байдаг зүйл нь ХДХВ, ДОХ-ыг нэг өвчин, нэг нэр гэж бодоод байдаг. Яг үнэндээ ХДХВ нь “Хүний Дархлал Хомсдлын Вирус” буюу хүнээс хүнд халдварладаг эмгэг үүсгэгч бичил биетэн юм. ДОХ гэдэг бол “Дархлалын олдмол хомсдол” буюу олдмолоор төрөлхийн биш байдлаар хүний дархдаа хомсдож дутагдалд орох, улмаар дутагдсан дархлаа хүнийг хавдраас, халдвараас, шимэгчээс хамгаалах ийм үйл ажиллагаа алдагдаж хүн өвчлөмтгий болдог ийм нөхцөл байдлыг хэлдэг. Тэгэхээр ХДХВ, ДОХ нь хамтдаа явдаг учир нь юу вэ гэхлээр Хүний дархлал хомсдлын вирус хүнээс хүнд халдварласнаас хэрэв тусламж үйлчилгээ эмчилгээндээ хамрагдаж чадахгүй бол халдварын эцсийн шат буюу Дархлалын олдмол хомсдол үүсдэг учиртай байгаа юм.

 

Тэгэхээр ХДХВ-ын халдвартай хүн бүр ДОХ-той гэсэн үг биш. ХДХВ-н халдвартай хүн ДОХ-оор өвчлөхгүй насан туршдаа ХДХВ-тэй амьдрах боломжтой. Заавал ДОХ-оор өвчлөх албагүй байдаг. Тэгэхээр ХДХВ халдвар гэж ярих нь илүү өргөн хүрээтэй өгөх ойлголтоо хамрана, ДОХ гэж ярих нь зөвхөн тухайн өвчнийхөө хүрээнд яригдана гэсэн үг.

 

 

Кенна: Энэ дээр хамгийн сонирхолтой нь ХДХВ-г зөвхөн гей хүмүүсийн өвчин гэж үзээд байдаг. Тэр нь дээр мэдээлэл өгвөл?

Зочин: Ер нь ХДХВ-ын халдвар Монгол оронд төдийгүй Дэлхийн олон улс оронд бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд зонхилж байдаг. Яагаад гэх юм бол ДОХ-н тохиолдлууд бүртгэгдэж эхлэж байх үед ч гэсэн энэ өвчнийг гей залуусын дундах өвчин гэж яригддаг байсан. Яагаад гэвэл бэлгийн цөөнх эрчүүд маань түлхүү энэ өвчнөөр өвдөж байсан.

Үүний шалтгаан нь гэх юм бол ХДХВ-н халдвар нв 3 замаар дамждаг.

1-т: Бэлгийн замаар /хамгаалалтгүй халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд үрийн шингэнээр, үтрээний шүүрлээр/

2-т: Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн, түүгээр бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр

3-т: Эхээс хүүхдэд /жирэмсэн болон төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр/  зэргээр халдварладаг.

Бэлгийн цөөнх эрчүүдийн хувьд бэлгийн зан үйлтэй нь холбоотойгоор үрийн шингэн болон халдварлагдсан цустай өртөж халдвар авах эрсдэл өндөр байдаг. Гей байлаа гээд тусна гэсэн үг биш. Хүн амын бүлгийг ярих юм бол ХДХВ-н халдварын хувьд хүн бүр өртөмхий байдаг боловч зарим хүмүүс бусдаасаа арай илүү эрсдэлтэй байдаг. Энэ нь тухайн бүлэг хүн амын дундах халдварын тархалтын хувь ямар байгаагаас хамаарна. Мөн тэр хүмүүсийн зан үйлээс хамаарна. Жишээ нь: Япон улсад анх ХДХВ-н халдварын дэгдэлт гарахад Гемофели буюу цусны өвчтэй хүмүүсийн дунд маш ихээр тархсан байдаг. Энэ нь тэр хүмүүс маань өөрсдийнхөө өвчин эмгэгээс болоод байнга цус сэлбүүлэх,  цусан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог байсантай холбоотойгоор шинжилгээгүй цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод яг тэр өвчтэй хүмүүсийн дунд тархалт маш өндөр болсон байдаг. Энэ мэтчилэн хүмүүс өөрсдийн өртөх эрсдлээсээ шалтгаалж зарим хүмүүс арай өндөр, зарим хүмүүс арай бага эрсдэлтэй байдаг боловч хүн болгон ХДХВ-н халдварт мэдрэг байдаг.

Кенна: Тэгэхээр ХДХВ-н халдвар авсан бол шууд үхнэ гэсэн ойлголт байдаг шүү дээ.  Саяны хэлдгээр шууд ДОХ тусаад л амьдрах найдваргүй болчихсон ч юм уу? Энэ дээр орчин үед ямар тайлбар өгч байгаа бол?

Зочин: Мэдээж ХДХВ-н халдвар бол тавилан нь тодорхой өвчин байдаг. Хэрэв эмчилгээнд хамрагдаагүй, цагт нь тусламж үйлчилгээгээ авч чадаагүй болбол нас баралтаар төгсдөг ийм халдвар байгаа. ХДХВ-н халдвар авснаас хойш 4 үе шатыг дамжина. 4 дэх үе шатандаа дархлалын олдмол хомсдолоор өвддөг. Энэ үедээ ч гэсэн эмчилгээ тусламж үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд хүн нас барахгүй амьдрах боломжтой. Гэхдээ бүр хожуу, хичнээн эмчилгээ хийгээд ч дархлаа эргэн сэргэх боломжгүй болсон ийм үед бас нас баралтаар төгсөх явдал бас байдаг.

 

Гэхдээ өнөөдөр ХДХВ-н халдвартай оношлогдсон хүн өвчнийхөө эхний үе шатанд оношлогдоод тусламж үйлчилгээнд хамрагдаад, ретровирус-ын эсрэг эмчилгээнд хамрагдаад, ХДХВ-г устгадаг эм уугаад байх юм бол бурхан тэр хүнд ямар амьдрах хугацаа заяасан байдаг юм тэр хугацаагаараа өвдөхгүйгээр, дархлаа нь унахгүйгээр эрүүл амьдрах боломжтой ийм цаг үед бид амьдарч байна.

 

 

Кенна: Тэгэхээр одоо аймар айдастай байхаар өвчин байхаа больчихсон юм байна тэ?

Зочин: Өнөөдөр дэлхий дээр 200-аад брендийн ХДХВ-н эсрэг эм бэлдмэлүүд патент авсан байдаг. “Өндөр идэвхтэй ретровирусын эсрэг эмчилгээ” гэдэг эмчилгээг бол дэлхийн улс орон болгонд  ХДХВ-н халдартай хүмүүст хийгдхээр эмчилгээ тусламж үйлчилгээний стандартад орсон байдаг. Монгол улсад ч мөн ялгаагүй хамгийн сүүлийн үеийн өндөр идэвхт ретровирусын эсрэг эмчилгээ хийгддэг. Хамгийн гол асуудал нь  тухайн хүн маань ХДХВ-н халдвартай гэдэгтээ биш, халдвартай байх юм бол эмчилгээ нь байна, эмчилдэг эмч нь байна, эмнэлэг нь байна, эм нь байна. Гол асуудал нь хүн маань өөрөө ХДХВ-н халдвартай эсэхээ мэдэж байгаа гэдэгт, тэр хүн оношлогдож байна уу гэдэгт асуудал байгаа юм. Хэрвээ оношлогдоод тусламж үйлчилгээндээ хамрагдах юм бол энэ бол үхэлд заналхийлсэн аймшигт өвчин байхаа больсон байна. Эмчилгээтэй болсон байна. Эмчилгээтэй архаг халдвар гэж тооцогдож явдаг.  Элэгний В вирусын нэгэн адилаар эмчилгээтэй архаг халдвар. Гол нь тухайн хүн өөртөө халдвар байгаа эсэхийг мэдэх, хэрвээ байгаа бол тусламж үйлчилгээндээ хамрагдах гэдэг ийм асуудал бол илүү чухалаар тавигдаж байгаа.

Кенна: За маш их баярлалаа. Одоо хоёулаа илүү эмчилгээний талаар ярилцая. Яг ямар эмчилгээ байгаа юм бол? Би бол PEP, PrEP гэж сонсож байсан.

Зочин: Эмчилгээ нь анх 1985 онд Зедовудин гээд ХДХВ-н эсрэг, ретровирусын эсрэг эм нээгдсэн байдаг. Энэ эмийг хамгийн анх лабораторийн нөхцөлд ХДХВ-н вирусын өсөлт хөгжлийг саатуулж байгааг олж нээсэн байдаг. Тэгээд эмчилгээнд хэрэглэх бүртгэл аваад, зах зээл дээр гарч ирэхийн тулд олон туршилт судалгаа хийгдэж байж, гаж нөлөө бүх зүйлийг судалж байж хэрэглэддэг.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл яг ретровирусын эсрэг 200-аад эм байна.

ХДХВ-н халдварын эмчилгээг яаж хийдэг вэ? гэхлээр нэг эмээр биш 3 эмийн хосолсон нийлмэл эмчилгээ хийгддэг. Ингэж байж тухайн эмчилгээ маань өндөр идэвхитэй ретровирусын эмчилгээ болж явдаг. 3 эм нь нийлээд тухайн вирусын өсөлт үржлийн тодорхой тодорхой үе шатуудад хориглох ийм үйлдэл үзүүлснээр тэр вирус өсөж үржиж чадахгүй үхэлд хүрдэг. Дархлааны эсүүд рүү довтолж тэднийг үхүүлдэг үйлдэл нь байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр хүн өөрийн физологийн цохилдлогоор дархлааны эсүүд маань эргэн хэвийн хэмжээндээ хүртэл өсөж үржиж чаддаг. Тэгээд тухайн хүнийг ДОХ-оор өвдөхгүйгээр хэвийн дархлаатай, бусад ХДХВ-н халдваргүй хүмүүс шиг ханиад томуу, бусад өвчин эмгэгт өртөх байдал нь адилхан түвшинд очно гэсэн үг. Энэ эм нь зөвхөн ХДХВ-н халдвартай хүмүүст халдварын эсрэг эмчилгээ болохоос гадна урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. 2011 онд үр дүнгээ тайлагнасан томоохон судалгаа шинжлэх ухааны үндэслэлийг нь тавьж гарч ирсэн байгаа.

ХДХВ-н халдвартай хүн ганцхан энэ эмийг уух биш, ХДХВ-н халдваргүй хүн энэ ретровирусын эсрэг эмийг өдөр болгон ууж хэрэглэснээр өөрийгөө ХДХВ-н халдвар авах эрсдлээс үлэмж их хэмжээгээр сэргийлж байна гэдэг үр дүн гарсан.

Судалгааны үр дүнд бол өдөр болгон хэрэглэснээр бэлгийн замаар ХДХВ-н халдвар авах эрсдлээс  86%-аар бууруулж байна гэсэн үр дүн гарсан байдаг. Энэ нь ялангуяа бэлгийн цөөнх эрэгтэйчүүдэд бол гетеросексуал хүмүүсээс илүү үр дүнтэй байна гэсэн үр дүн гарсан. Үүнийг өртөлтийн өмнөх урьдчилсан сэргийлэх эмчилгээ буюу дэлхий нийтээр PrEP гэж танигдсан энэ урьдчилан сэргийлэх эмчилгээний стратеги бол 2012 оноос Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон CDC-ээс улс орнуудад зөвлөмж болгон гаргаж тавьсан байдаг. Манай Монгол улсад 2013 оноос энэ урьдчилан сэргийлэх стратегийг хэрэгжүүлж эхлэсэн байдаг.

Кенна: Эм гарчихсан юм байна. Монголд уух боломж нь байгаа болов уу?

Зочин: Монгол улсад яг одоо хэрэгжихдээ өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээ бол нэг нь ХДХВ-гийн халдвартай амьдарч байгаа, нөгөө нь ХДХВ-гийн халдваргүй амьдарч байгаа серо-дискордант гэж нэрлэгдэг хосуудын дунд хэрэглэнэ гэсэн заалттай байдаг. Гэхдээ энэ өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээ бол мэдээж  серо-дискордант буюу нэг нь халдвартай нэг нь халдваргүй хамт амьдарч байгаа хосуудад халдваргүйг нь тухайн хосоосоо ХДХВ-н халдвар авахаас сэргийлэх маш том үр дүнтэй боловч хамгийн их хэрэгтэй байгаа хүн ам бол бэлгийн цөөнх эрэгтэйчүүдэд хамгийн хүртээмжтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хэрэгжих боломжгүй хараахан эрүүл мэндийн сайдын тушаал журамд энэ хүмүүст эмчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй байна. Тэгэхээр “Залуус – Эрүүл мэнд” ТББ Азийн 8 оронд хэрэгжиж байгаа ХДХВ-н халдварыг эрсдэлт бүлгийн хүн амд тогтвортой байдлыг хангах ийм хөтөлбөрийн хүрээнд 2020, 2021 онуудад бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд болон трансжендер эмэгтэйчүүдийн дунд өртөлийн өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээг хүртээмжтэй болгох төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тэр үед хэрэгтэй байгаа хүмүүстээ урьдчилан сэргийлэх эмчилгээ маань хүртээмжтэй болно гэж найдаж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараагаар цаашдаа хүртээмжтэй байдлыг нь хэвээр нь хадгалах тал дээр ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа.

Кенна: Манайн сонсогчид ЗЭМ төвийг анх удаагаа сонсож байж магадгүй. Тэр талаар хоёулаа жоохон дэлгэх үү?

Зочин: “Залуус-Эрүүл мэнд” ТББ маань анх олон нийтийн санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан. Олон нийт маань өөрсдөө удирдаад явдаг, дотор нь ажилдаг хүмүүс маань хүртэл ангийнхан /ЛГБТ хүмүүс/ маань байдаг. Ихэвчлэн бэлгийн цөөнх эрэгтэйчүүд болон Трансжендер эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага. “Залуус-Эрүүл мэнд” төв маань дэргэдээ олон нийтэд ээлтэй клиник ажиллуулдаг. Энд маань ХДХВ-н халдвар. Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд та бүхэн үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Хэрвээ  шинжилгээний хариу эерэг буюу ямар нэгэн халдвартай илэрсэн тохиолдолд бид бүхэн тусламж үйлчилгээнд холбон зуучлах, Тэмбүүгийн эмчилгээнд хамруулах, бусад бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагааг байга явуулдаг байгаа. Манай клиник маань хагас сайн өдөр ч гэсэн үүд хаалга нь нээлттэй байдаг. Хаяг маань Гранд Плаза төвийн оффисийн 15 давхарт байрладаг.

Кенна: За манайхан санаа зоволтгүй очоорой.

Зочин: Энэ төв маань нууцлалтайгаар, нэр хаяггүй үйлчилгээ үзүүлдэг, Шинжилгээнд хамрагдах бол танаас овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, харьяалал бол огт шаардлагагүй байгаа.

Кенна: Эмнээс гадна өөрөөр яааж урьдчилан сэргийлвэл зүгээр байдаг вэ?

Зочин: Эм маань бол хоёр янзаар урьдчилан сэргийлж байгаа. Нэг нь болохоор өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт  буюу PrEP, нөгөө нэг эмийг яааж урьдчилан сэргийлж хэрэглэж болдог вэ? гэхээр хэрвээ халдварт өртсөн тохиолдолд, ямар нэгэн эрсдэлтэй алхам хийчихсэн байгаа тохиолдолд 72 цагийн дотор уудаг. Тийм арга байдаг. Гэхдээ энэ бол маш сайн зөвөлгөө авч, маш сайн хяналтан дор хийгдэх ёстой. 28 хоногийн турш эрсдэлтэй алхам хийсэн, тухайн өртөлтөөс хойш аль болох хурдан хугацаанд 1-2 цагийн хугацаанд уувал бүүр сайн гэж ярьдаг. Гэхдээ цаад хугацаа нь 72 цаг байдаг. Түүнээс хойш 28 хоногийн турш ретровирусын эсрэг эмийг ууж хэрэглэснээр ХДХВ-ын халдварт өртсөн тохиолдолд тухайн халдварыг хүний бие махбодид нэвтэрч орохоос хамгаалдаг ийм сэргийлэлтийн арга байдаг. Энэ аргын үр нөлөө нь бол PrEP-тэй адил шинжлэх ухааны үндэслэл төдийлөн их байдаггүй боловч зарим case study зарим субектив судалгаануудаас үзэхэд үр дүнтэй гэдэг нь харагддаг ийм арга байгаа. Эмийн урьдчилан сэргийлэлтийн хувьд ийм 2 төрлийн урьдчилан сэргийлэх арга байдаг.

Монгол улсын хувьд ярих юм бол ХДХВ-ын халдвартай оношлогдсон бүх тохиолдол нь 99% нь бэлгийн замаар тухайн халдварыг авсан байдаг.

Тэгэхээр ялангуяа нөхөн үржихүйн насны буюу бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс маань аюулгүй бэлгийн харилцааны аргуудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Тохиолдлын бэлгийн харилцаанд орох юм бол нэгэнт л тэр хүнийхээ шинжилгээний хариуг нүдээр үзэж хараагүй, баттай мэдээгүй тохиолдолд бэлгэвчийг хэрэглэж байх хэрэгтэй.

Зөвхөн ХДХВ-н халдвар гэлтгүй бусад далд хэлбэрээр тухайн хүн тээгч хэлбэрээр байдаг зөндөө олон халдварууд байдаг. Хүний хөхөнцөр вирус, бэлгийн хомхой зэрэг вирусын архаг халдвар. Нэгэнт тэр хүн тухайн вирусыг авсан тохиолдолд бүрэн эмчлэгддэгүй ийм вирусын халдварууд байдаг. Эмчилгээтэй халдваруудаас ярих юм бол :

  1. Тэмбүү.
    Энэ нь цэвэр өнгөний өвчин. Цайвар трепонемагаар үүсгэгдэнэ. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм. Үүсгэгч бие рүү нэвтэрсэн хэсэгт улаан, нойтон, өвдөлттэй яр гарна. Цаашид шархлаж, биед ханиад төст шинж илэрнэ. Шарх алга болсон ч цусанд орсон халдвар биед удаан хугацаанд өвчлөл үүсгэн, тархийг гэмтээх болон бусад олон хүндрэл үүсгэдэг (ялангуяа эхээс урагт халдвар дамжих үед хүүхэд амигүй төрөх нь элбэг тохиолдоно). Антибиотикоор эмчлэгдэнэ.
  2. Заг хүйтэн.
    Гонорей нь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Кофений үртэй төстэй гонококк гэдэг бактерээр үүсгэгддэг. Шээх үед өвдөж, халуу оргих, бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрдэг. Зарим тохиолдолд шинж тэмдэггүй (ялангуяа эмэгтэйчүүдэд) явагдах ч халдварыг тараасаар байдаг. Антибиотикоор эмчлэгдэнэ.
  3. Өнгөний лимфогранулематоз.
    Ази, Африкийн зарим оронд өргөн тархсан байдаг. Хламидийн онцгой ховор төрлөөр үүсгэгддэг. Зөөлөн яр өвчин. Энэ нь Диокрей-Крефтинг-Уннын стрептобацилл нэртэй үүсгэгчээр үүсгэгддэг. Тайландад хамгийн өргөн тархсан гэж үздэг.
  4. Донованоз.
    Халуун оронд их тархсан бөгөөд Донованы биенцэрээр үүсгэгддэг. Уг өвчний халдвартай хүнтэй бэлгийн хавьтал хийхэд 1-50 хувийн магадлалтайгаар халдвар авдаг. Ихэвчлэн халуун чийгтэй оронд илүүтэй тархсан байдаг ба цагаан хэрэглэлээр ч дамжиж халдварлаж болно. Шинж тэмдгийн хувьд эхлээд улаан өнгөтэй, хавтгай гадаргуутай, вандуйн хэмжээтэй гүвдрүү гарч аажим томорч шархална. Энэ нь махан улаан өнгөтэй барзгар гадаргуутай, ирмэг нь бага зэрэг өргөгдсөн,тэгш бус, өвчин эмзэглэлгүй зүйл тэмтрэгдэнэ. Эмчилгээнд сульфаниламидын бэлдмэлүүд юм уу антибиотикуудыг 3-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.
  5. Хламидоз.
    Хамгийн түгээмэл тархсан бэлгийн халдвар. Эсийн дотор шимэгчлэгч хламидигээр үүсгэгддэг. Шээх үед өвдөж, халуу оргих, бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах. Гэхдээ ихэнх тохиолдолд, ялангуяа эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. Гэсэн хэдий ч халдвар тараасаар байдаг аюултай. Антибиотикоор эмчлэгдэнэ.
  6. Микоплазмоз.
    Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлт эмгэг төрөгчид гэж үздэг.
  7. Цитомегаловирус -ын халдвар.
    1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг. Өөрөөр хэлвэл халдвар авсан ч дархлаа сайтай бол өвдөхгүй, шинж тэмдэг илрэхгүй, вирусын тээгч болно. Цитомегаловирус нь хүний эсэнд нэг л орсон л бол тэндээ үүрд үлддэг ба бүрэн эмчлэх боломжгүй. Харин дархлаа сайжруулдаг бүх л цогц бэлдмэлүүд, түүнчлэн вирусын үржлийг дарангуйлдаг интерфероны бэлдмэлүүд хэрэглэдэг.
  8. Трихомониаз.
    Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг. Үтрээнээс цайвар өнгөтэй хөөсөрхөг шингэн ялгарах /трихомониазын үед ялгадас нь муудсан загасны үнэртэй/, гадна бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах, хорсох мэдрэмж төрөх, секс хийхэд бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.Мөн л антибиотикоор илааршина, эмчилгээг эмчийн заавраар хийж, дуустал нь сексээс татгалзах хэрэгтэй.
  9. Кандидоз./мөөгөнцөр/
    Энэ өвчин нь гурил эсгэх хөрөнгөтэй төстэй, нөхцөлт эмгэг төрөгч мөөгөнцрөөр үүсгэгдэнэ. Шинж тэмдгийн хувьд үтрээнээс их хэмжээний цагаан, өтгөвтөр тараг шиг шингэн гарч, их хэмжээгээр загатнаж илэрнэ. Үүнийг мөөгөнцөрийн антибиотик эмээр эмчилнэ.
  10. Гарднереллез.
    Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдсөн үед гарднереллын төрлийн бактерүүд ихээр үржиснээр үүсдэг. Бэлгийн хавьтагчаа олон сольдог эмэгтэйчүүд энэ өвчөөр хамгийн их өвддөг. Мөн үтрээний бургуй, их хэмжээний антибиотик, үр тогтолтын эсрэг ерөндөг, үтрээний лаа лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдсанаас үүсч болзошгүй юм. Мөн дааврын түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох үед бактерийн идэвхжил өсдөг. Антибиотикоор
  11. Бэлгийн герпес /хомхой/
    Бэлэг эрхтний ойролцоо шарх гарах ба энэ нь өвдөлт, загатнаа ихтэй байдаг. Шинж тэмдэг арилсан ч вирус биед үлдэж халдвар тараасаар байдаг. Вирусын эсрэг эмчилгээ нь илэрч буй шинж тэмдгийг арилгадаг ч бүрэн эмчилдэггүй. Энэ өвчний халдварыг нь бүх төрлийн бэлгийн хавьтал болон жорлонгийн суултуур зэрэг халдвартай газраас авах аюултай байдаг.
  12. Гепатит В
    Ядрах, сульдах, дотор муухайрах, бөөлжих, халуурах, нүд шарлах, хэвлийгээр өвдөх, өтгөн хүрэн өнгөтэй шээх. Амрах, эрүүл хоолны дэглэм барих, вирусын эсрэг эмчилгээ хийдэг.

 

Хүн нэг удаагийн бэлгийн хавьтлаар ганцхан БЗХД-г биш нижгээдийг ч авчих боломжтой байдаг.

Тийм учраас хэрвээ ямар нэгэн төрлийн БЗДХ илэрсэн тохиолдолд зайлшгүй эрүүл мэндийн байгууллгад хандаж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Яагаад гэвэл хавсарсан халдварыг авчрахыг үгүйсгэхгүй. Хэн нэгэн найз нь ногоон идээ гараад байвал наад чинь “ийм тариа би тариулж байсан” гээд тариулчихад дахиад ард нь Тэмбүү авчихсан явж байгаад тэрийгээ мэдэхгүй далд хэлбэрт шилжүүлчих аюултай байдаг учраас эхлээд өөрийгөө тухайн өвчнийг авахаас хамгаалаарай.

Энэ бол хамгийн энгийн бөгөөд хямд төсөр, маш үр дүн өндөр арга нь бол бэлгэвч байдаг.

Одоо бэлгэвч маань ч мөн олон сонголттойгоор супермаркетууд, эмийн сан гээд харьцангуй хүртээмжтэй, бэлгэвч авахасаа бас ичиж эмээхэйй больсон байгаа нь нэг талаараа сайшаалтай хэрэг.

Кенна: Энэ дээр хэлэхэд бас ЗЭМ дээр очоод эсвэл ЛГБТ төвийн оффис дээр ирээд, эсвэл бусад Ханзо гэх мэт газруудад очоод бэлгэвч, лубрикантыг /чийгшүүлэгч/ үнэгүй авах боломжтой. Ерөөсөө ингээд л нэг газарт тавьчихсан байдаг. Очоод л авчихна. Заавал ч үгүй хүнд нь “ Би бэлгэвч авах гэсэн юм” гэж хэлэх шаардлагагүй.

БЗДХ-ын талаар бусад хүмүүс яг юу хийвэл зохилтой вэ? Найз нөхөддөө түгээх юм уу? Таны зөвөлгөөгөөр?

Зочин:  Бид багаасаа хоолоо идэхээсээ өмнө гараа угаана, 00 орчоод гараа угаа гээд . Энэ чинь бол тухайн хүний эрүүл амьдралын зуршил хэв маяг болчихсон байгаа шдээ. Гараа угааснаар гэдэсний халдвараас сэргийлнэ гэдгээ мэддэг. Адаглаад  А вирусын Шар тусахгүй гэдгээ мэддэг. Тэгэхээр энэнтэй адилхан бэлгийн эрүүл зан үйл ч гэсэн, хүн хоолоо идэхийнхээ өмнө гараа угаадагтай адилхан хэвшил зуршил болох ёстой. Хувь өөртөө тэр дадлыг хэвшүүлэхдээ л анхаарах ёстой. Бэлгэвч хэрэглэдэг тэр зан үйлийг ч юм уу? Таны бэлгийн амьдрад ямар вэ? тэрэнтээ нийцүүлээд та өөрийгөө явааж сэргийлэх боломжтой вэ? тэрийгээ л хэвшүүлэх нь зөв гэж бодож байна.

Кенна: Энэ дээр манайхан бусдад аль болох зөв мэдээлэл түгээгээд, бусдад ч гэсэн аль болох эрүүл байхад нь туслаад, хэн нэгэн хэрэгтэй хүнд нь энэ мэдээллийг түгээгээсэй, сайн хуваалцаарай бас унших хэсгээсээ хэрэгтэй хэсгүүдийг нь copy paste хийгээд постлож болно шүү гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. 

ЛГБТ төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр

Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж дууслаа.

Нийтлэл бэлтгэсэн: Билгүүн Батчуулуун

Хянасан: Үүлээ