Аюулгүй ажлын байр

Хөдөлмөр эрхлэх нь эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхээ эдлэх суурь болдог утгаараа лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИ) хүмүүсийн хүний эрхийг бодитоор ахиулахад онц ач холбогдолтой салбар юм. Хүн бүр мэргэжил, чадварынхаа хүрээнд хүссэн хөдөлмөрөө эрхлэх, ингэснээр ажил хөдөлмөрийн амжилт гаргах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Аюулгүй ажлын байр санаачлага”-ын зорилго нь бүх хүнд ээлтэй, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих байгууллага, ажил олгогчдын сүлжээг үүсгэн хөгжүүлэх, ингэснээр хүнд ээлтэй бодлогоороо хөдөлмөрийн бүтээмж, компаний ашгийг сайжруулахад анхаардаг, дэлхийн жишигт үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг хувийн хэвшлийн байгууллагуудыг бодлого, хамтын ажиллагаагаар дэмжихэд оршино.

Энэхүү санаачлага нь бэлгийн чиг баримжаа (эсрэг, ижил эсвэл нэгээс илүү хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болон тэдэнтэй дотно, бэлгийн харилцаа үүсгэх хүн бүрийн гүн гүнзгий мөн чанар, чадвар), хүйсийн баримжаа (хүн бүр хувь хүнийхээ үүднээс өөрийн хүйсээ төрөхөд өгөгдсөн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр мэдрэх мэдрэмж, түүнийгээ хувцаслалт, үг яриа, биеийн өгүүлэл гэх мэтээр илэрхийлэх төрөлхийн мөн чанар) илэрхийллийн цөөнх ЛГБТИ хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, орчныг сайжруулах, хүн бүрт ээлтэй хөдөлмөрийн таатай орчинг бүрдүүлснээр хүний эрхийг хүндэтгэх корпорацийн соёлыг дэмжих, олон улсад мөрдөгддөг хувийн хэвшлийн тогтсон жишгийг хэрэгжүүлэх зорилготой билээ.

Аюулгүй ажлын байр санаачлагын тухай

Асуулт хариулт 

2010 оноос эхлэн хэрэгжүүлж буй энэ санаачлагыг 2017 оноос эрчимжүүлж байна.

ЛГБТ Төвөөс 2012, 2014 болон 2016 онуудад ЛГБТИ хүмүүсийн дунд хийсэн судалгаануудаар ЛГБТИ хүмүүсийн хамгийн их зөрчигддөг эрх нь үл ялгаварлагдах эрх ба хөдөлмөрлөх эрх байсан. НҮБ-ын Хэт ядуурлын асуудлаарх тусгай илтгэгч 2012 онд Монгол Улсад айлчилсныхаа дараа 2013 оны тайландаа ЛГБТИ хүмүүс ялгаварлан гадуурхалтаас үүдэн хэт ядууралд автах эрсдэл Монголд өндөр байгааг цохон тэмдэглэсэн. 2010, 2011, 2015 болон 2016 онуудад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын гэрээдийн хороодоос ЛГБТИ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг эцэслэх ёстойг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа сануулан, зөвлөмж өгснийг Монгол Улс хүлээн авч, арга хэмжээ авч эхлээд буй.

Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн болон хөдөлмөрийн олон улсын бүх гэрээ конвенцод “ҮЛ ЯЛГАВАРЛАХ” гэсэн анхдагч зарчим байдгаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2-т мөн заасан. “Хүйс” хэмээх ойлголтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо 1994 онд тайлбарлахдаа дотроо бэлгийн чиг баримжааг багтаадгийг олон улсын эрх зүйн хэм хэмжээний жишиг болгон хуульчилсан. Хүйсийн баримжаа нь хүн төрсөн хүйсээс үл хамааран өөрийгөө аль нэгэн хүйсэнд хамааруулах өөрийнх нь дотоод мэдрэмж ба хүйсийн илэрхийлэл нь өөрийгөө мэдрэх дотоод мэдрэмжийнхээ дагуу өөрийгөө илэрхийлэх үндсэн шинж чанарыг агуулдаг ойлголт утгаараа “хүйс” гэдэгт шууд багтдаг. Мөн 2015 оны 12-р сард батлагдсан шинэ Эрүүгийн хуулиар бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлахыг гэмт хэрэгт тооцдог болсноос гадна шинэ Хөдөлмөрийн хуулийн төсөлд ЛГБТИ хүмүүсийг үл ялгаварлах заалт багтсан.

“Аюулгүй ажлын байр санаачлага”-д нэгдсэн байгууллага, ажил олгогч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
1) Ажилтан шалгаруулж ажилд авахдаа ажил горилогч этгээдийг бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа, илэрхийллээр ялгаварлахгүй байх;
2) Нийт ажилтнуудынхаа дунд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийг илт багтаасан ялгаатай байдлаар үл ялгаварлах зарчмыг идэвхтэй сургах, сурталчлах, хэрэгжүүлэх;
3) ЛГБТИ ажилтнуудыг бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийлэлд нь үндэслэн ямарваа байдлаар ялгаварлан гадуурхах, дарамтлах үйлдэл, эс үйлдэл, үг өгүүлбэрийг таслан зогсоох тухай байгууллагын журамдаа багтаан батлах;
4) ЛГБТИ ажилтнууддаа ажил хөдөлмөртөө гаргасан амжилтынх нь дагуу өсөн дэвжих боломжийг бусад ажилтнуудын адил тэгш олгох;
5) Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллээр шууд ба дам ялгаварлан гадуурхсан үг өгүүлбэр, үйлдэл, эс үйлдэл гаргасан ажилтнууддаа нэн даруй арга хэмжээ авах.

Ялгаварлан гадуурхалтгүй, ээлтэй хөдөлмөрийн орчинг үүсгэснээр ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл ханамж эрс сайжирдгаас гадна ЛГБТ Төвийн “Тэгш эрхийг дээдлэгч ажил олгогч” сүлжээнд нэгдэн, бусад байгууллагуудтай хүний эрхийг дээдлэх арга хэлбэрүүдийн талаар туршлага солилцох өргөн боломж нээгдэнэ.

1) Байгууллагын хүний нөөцийн бодлого, дүрэм журамд үл ялгаварлах асуудлыг томъёолон багтаах асуудлаар онолын болон арга зүйн зөвлөгөө өгөх;
2) Байгууллагын дотоод дүрэм журамд үл ялгаварлах асуудлыг томъёолон багтаах асуудлаар онолын болон арга зүйн зөвлөгөө өгөх;
3) Хүний нөөцийн ялгаатай байдлыг хөхиүлэн дэмжих сургалт өгөх (1 удаагийн 20 хүний сургалт үнэгүй);
4) ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн талаарх үнэгүй лекц унших, кино үзүүлэх гэх мэт арга хэмжээг танай байгууллага дээр зохион байгуулах;
5) Үл ялгаварлах бодлого хэрэгжүүлж буй байгууллагуудын сүлжээнд нэгдэх, туршлагаасаа хуваалцах боломжийг олгох.

Санаачлагад ихэнхдээ төрийн бус байгууллагууд нэгдсэн байгаа ба 2017 оноос хувийн хэвшлийн байгуулллагуудыг нэгтгэх бодлоготой ажиллаж байна.

ЛГБТ Төвийн 7740 0323 утсаар ажлын цагаар эсвэл info@lgbtcentre.mn хаягаар холбогдож, санаачлагад нэгдэх хүсэлтээ илэрхийлнэ үү.

%d bloggers like this: