Тэгш эрх, бахархал

АНХНЫХ

    

 

ЛГБТ Төв нь нийгэмд цогц хэлбэрээр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Бахархлын долоо хоног”-ийг анх удаа 2013 оны 9-р сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Чингис зочид буудал дотор зохион байгуулж байсан билээ. Тухайн үед ч, түүнээс хойш ч “бахархал” гэдэг үг нэлээд шүүмжлэл дагуулсан тул ЛГБТИ хүмүүс бид хүн болж төрснийхөө хувьд тэгш эрхтэй ч, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаараа ялгаварлагдсаар, тэгш эрхийнхээ төлөө тэмцсээр байгаагаа харуулах зорилгоор “Бахархлын долоо хоног”-ийг өөрчилж, баяр наадам биш, хүний эрхийн тэмцлийн талбар байсаар байгааг сануулах “Тэгш эрх, бахархлын өдрүүд” болгон өөрчилсөн билээ.

ОДОО

    

 

Жил бүрийн 8-р сарын сүүлийн Баасан гарагаас 9-р сарын эхний Ням гарагийг дуустал 10 хоногийн хугацаанд  урлаг, соёл, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаа болох “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд:

  • “Тэгш эрхийн төлөө алхалт”
  • “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” нийтэд нээлттэй концерт
  • “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн
  • “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадам болон
  • Хэлэлцүүлгүүд

сан босгох болон бахархлын үдэшлэг гэх мэт цогц үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болоод байгаа билээ. 2017 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар бүрэн мэдээлэл ба үйл ажиллагаануудын талаар Фэйсбүүкийн ивэнт хуудсаас үзнэ үү. 2014 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар бүрэн мэдээлэл ба үйл ажиллагаануудын талаар Фэйсбүүкийн ивэнт хуудсаас үзнэ үү 2015 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар бүрэн мэдээлэл ба үйл ажиллагаануудын талаар Фэйсбүүкийн ивэнт хуудсаас үзнэ үү 2016 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар бүрэн мэдээлэл ба үйл ажиллагаануудын талаар Фэйсбүүкийн ивэнт хуудсаас үзнэ үү.

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн логоны утгын талаар та мэдэх үү? Дэлгэрэнгүй эндээс уншаарай.

Анхны нийтийн орон зай, гудамж талбай дахь ЛГБТИ эрхийн төлөөх жагсаал, алхалтыг 2014 оны 9-р сард хийж байсан ба түүнээс хойш жил бүр “Тэгш эрхийн төлөө алхалт” нэртэйгээр энэ алхалтыг зохион байгуулж байна. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хүний эрхийг хөхиүлэн дэмжих энэхүү алхалтыг 2015 болон 2016 онуудад орон нутгийн засаг захиргааны нэгжүүд бүртгэж авахаас татгалзсан нь ЛГБТИ хүмүүсийн олон эрхийг төрийн зүгээс санаатайгаар боож, ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон билээ.

ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮД

Асуулт хариулт

ЛГБТИ гэдгээрээ бахархах нь бүү хэл, нээлттэй амьдарч буй хүмүүс цөөхөн байсаар байна. Гэтэл хүн бүр эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор нь хангах үүргийг төр хүлээдэг ч хүн бүр хүний эрхийг хүндэтгэх үүргийг мөн хүлээдэг. Хүн бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах, ЛГБТИ хүмүүс Монголын хүн амын түүхэн хэсэг байсаар байсан, байсаар байх болно гэдгийг иймэрхүү олон нийтийн хүний эрхийн боловсролыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа байх нь чухал гэж үзсэн.

Стрэйт, сизжендэр хүмүүс байтугай зарим ЛГБТИ хүмүүсээс бахархал гэдэг үгийг ашигладаг талаар бидэнд маш их шүүмжлэл ирдэг. ЛГБТИ эрхийг хүний эрх гэдгийг ойлгуулах олон үйл ажиллагааг нэгтгэсэн, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үг болох “pride”-ыг бид монгол хэлнээ ашигласан нь энэ ба 2014 оноос хойш “Тэгш эрх, бахархалын өдрүүд” хэмээн нэрлэсэн. ЛГБТИ гэдгээрээ биш байлаа гэхэд ядаж л хүн болж төрснөөрөө, ийм нийгэмд өөрөөрөө байх сэтгэлийн тэнхээтэй байгаагаараа бид бүхэн бахархах ёстой. Бидний дунд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээрээ доромжлуулж үзээгүй, ямар нэгэн хүчирхийлэлд өртөж үзээгүй нэг ч хүн байдаггүй ч энэ болгоныг бид даван туулсан ба хүн үлдсэнээрээ бахархах ёстой.

Нийгэмд ЛГБТИ хүмүүсийг ялгаварласаар байгаа нь тун харамсалтай ч Монголын нийгэм нь залуу нийгэм учир ихэнх хүмүүс ЛГБТИ хүмүүсийг ялгаварлан гадуурхахаа больж байгааг нээлттэй амьдардаг ЛГБТИ хүмүүс гэрчилдэг. “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагаа зөвхөн ЛГБТИ биш, бүх хүмүүст зориулсан хүний эрхийн цогц үйл ажиллагаа учир маш их дэмжигсэд ирдэг. 2016 оны “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадмыг 250 гаруй хүн ирж сонирхсон ба ихэнх нь ЛГБТИ биш хүмүүс байсан. Мөн “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” нийтэд нээлттэй концертыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 гаруй хүн ирж сонирхсоноос ихэнх нь ЛГБТИ эрхийг дэмжигсэд байсан билээ.

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг ба эдгээр үйл ажиллагаан дээр нэг л удаа хүчирхийллийн явдал үүссэн нь 2015 онд Чингисийн талбайгаас тэгш эрхийн төлөө алхагсдыг түлхэн гаргасан цагдаагийн хүчирхийлэл байсан. Бусад бүх үйл ажиллагаа маш тайван, ямарваа хүчирхийлэлгүй өрнөдөг.

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд олон үйл ажиллагаа хийгддэг утгаараа үйл ажиллагаа бүр дээр зохион байгуулалтын баг гарган ажилладаг учир та зохион байгуулалтын багт орж, хувь нэмрээ оруулан дэмжихийг хүсвэл манай 7740 0323 дугаар луу залгаж бидэнтэй холбогдоход л болно.

Хэрэв та байгууллагыг төлөөлөн эдгээр үйл ажиллагаан дээр маркетингийн үүднээс хамтран ажиллах, спонсорлох хүсэлтэй байвал бидэн рүү info@lgbtcentre.mn хаягаар болон 7740 0323 утсаар холбогдоорой. Хандивлагч байгууллагуудын лого “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн бүх материал дээр “Тэгш эрхийн төлөө байгууллага” гэсэн тодотголтойгоор олон зуун хүнд хүрдэг учир байгуулагаа сурталчлах томоохон боломж юм.

Нийгмийн өөрчлөлтийг шууд хэмжих боломжгүй ч “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагаанууд дээр жилээс жилд маш олон хүн хүрэлцэн ирж, ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг хүндэтгэдэг, дэмждэгээ илэрхийлдэг болсон нь нэгэн төрлийн өөрчлөлт билээ. 2014 оны “Тэгш эрхийн төлөө алхалт”-д 15 хүн ирсэн бол жил бүр энэ тоо 2 дахин өссөөр байна. Харин 2013 оны анхны “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадамд 10-15 хүн ирж байсан бол 2016 онд 250 хүн ирсэн нь томоохон үзүүлэлт юм.

“Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь ЛГБТИ хүмүүсийн эрх социалист үеийн шинжлэх ухаанч бус, мухар сүсгийн үндэстэйгээр зөрчигдсөөр байгааг таниулах ганц цогц арга хэмжээ утгаараа мянга мянган хүмүүст хүрдэг ба эдгээр өдрүүдэд онлайн мэдээллийн вэбсайт болон сошиал медиягаар ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн талаар олон хэлэлцүүлгүүд үүсдэг ба маш олон хүмүүс ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг дэмждэгээ илэрхийлдэг нь өөр нэгэн том үзүүлэлт билээ.

Жил бүрийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн “Бахархлын парти”-гаас бусад бүх үйл ажиллагаа нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагддаг тул эдгээрийг санхүүжүүлэх зорилгоор ЛГБТ Төв нь жилдээ 10 саяас 20 сая төгрөг босгож, зохион байгуулдаг. 2016 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нийт 20 сая төгрөгийн зардалтай байсан ба үүний 10 гаруй сая төргөгийг шууд бус байдлаар байгууллагуудаас босгосон. “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн зардлаас харуулвал: хэвлэлийн бага хурал ба хуралтай холбоотой зардал 250 мянган төгрөг, “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” концертын дэд бүтцийн түрээс 6 сая төгрөг, хамтлаг дуучдын хөгжмийн зэмсгээ зөөх унааны зардал 1.5-2 сая төгрөг, “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадмын кинонуудыг нэг удаа нийтэд үзүүлэх эрх 6-7 сая төгрөг, нэг найруулагчийг Моноглд авч ирэх тохиолдолд нэмэлт 5 сая төгрөг, “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнгийн танхимын 10 хоногийн түрээс 1.5-2 сая төгрөг, брошур танилцуулгын хэвлэлт 1 сая төгрөг гэх мэт зардлууд байдаг.

Тэгш эрхийн төлөө нэгдэж байгаа танд баярлалаа, та заавал ирээрэй. “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн тухай мэдээллийг ЛГБТ Төвийн Фэйсбүүк болон вэбсайтаар хүргэдэг учир энэ хоёр орон зайг ажиглаж байгаарай.

%d bloggers like this: