Эрхийн төлөө урлаг

2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд жил бүр уран бүтээлийн уралдаан зохион байгуулж, 48 цаг бэсрэг кино наадамд оролцдог.

 

КҮИЙР ТЕАТР

2018 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр Күийр театр анх удаа тайзнаа олны хүртээл болсон билээ. Энэхүү театр нь “Эрхийн төлөө урлаг” ЛГБТ Төвийн бодлогын хүрээний нэгэн шинэ санаачлага ба Залуучуудын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгждэг. Күийр театрын хамт олон нь театрын урлагаар ЛГБТИ эрхийг ойлгуулахад чиглэсэн бүтээлүүдийг нийтэд хүргэх зорилготойгоос гадна залуу урна бүтээлч хүй олныг ойртуулах, хүй олны доторх ялгаатай байдлуудыг театрын аргаар дөтлөх, тайзны урлаг сонирхогч залуучуудын өөрийгөө илэрхийлэх аюулгүй орон зай бүрдүүлэх гэх мэт олон давхар зорилготой.

2018 оны анхны Күийр театрын жүжгүүдийг АНУ-ын жүжигчин, найруулагч Трэнтон Шнайдэрс сонгон найруулж, театрын хамт олонтойгоо Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны тайзнаа амжилттай амилуулан үзэгчдэд хүргэсэн юм. Монголын Эмэгтэйчүүдийн Сан ЛГБТ Төвийн “Эрхийн төлөө урлаг” санаачлагын үйл ажиллагаа, төслүүдийг дэмжсээр ирсэн ба анхны Күийр театрыг ч мөн бодит байдал болгоход санхүүжилтээр дэмжсэнд гүнээ талархая.

2018 оны Күийр театрын онцлог нь жүжгүүд бүгд цоо шинэхэн, тайзны урлаг сонирхогч Монголын залуу уран бүтээлчдийн бүтээлүүд байсан ба театрын хамт олны бүрэлдэхүүнд ЛГБТИ хүмүүсээс гадна стрэйт, сизжендэр хүмүүс ч багтсанд байв.

 

 

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН УРАЛДААН

Жил бүр 5-р сарын 17-ны Гомофоби, трансфоби, бифобийн эсрэг олон улсын өдөр (IDAHOT)-т зориулан дүрслэх урлагийн залуу уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, ирсэн бүтээлүүдээр 5-р сарын 17-ноос эхлэн долоо хоног нийтэд, “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр мөн арван хоног үнэ төлбөргүй нийтэд зориулсан үзэсгэлэнг толилуулдаг. Эдгээр уран бүтээлийг 2016 оноос эхлэн дуудлага худалдаагаар худалдан, уралдааны шагналын санг бүрдүүлэхээс гадна уран бүтээл нь зарагдсан бүтээлчдэд бүтээл зарагдсан үнийн 30-50%-ийг өгч, залуу уран бүтээлчдийг дэмжих бодлого баримталж байна.

КИНО УРЛАГААР ЛГБТИ ЭРХИЙГ СУРТАЛЧЛАХ НЬ

Жил бүр зохион байгуулагддаг “48 цаг” бэсрэг кино наадамд ЛГБТ Төвийн сайн дурын ажилтнууд болон дэмжигч залуус 2013 оноос эхлэн богино кино бүтээн оролцож байна. 2013 оны [-]2013, 2015 оны “Infinity”, 2016 оны “Төлөөс”, 2017 оны “Novem” бэсрэг кинонуудыг авьяаслаг залуус маань бүтээсэн билээ. 2015 онд бүтээгдсэн кино 5 төрөлд шагналд дэвшсэн ба шилдэг дууны найруулгын шагнал хүртсэн юм.

 

 

 

ОРШИН СУУГЧ УРАН БҮТЭЭЛЧ

“Оршин суугч уран бүтээлч” хөтөлбөрийг боловсруулж, анхны “Оршин суугч уран бүтээлч” болох  Австралийн театр болон үйлдлийн урлагийн уран бүтээлч Нэйтэн Стөүнхэмтэй 2011 онд анх холбоо тогтоосноосоо хойш 4 жил хүлээсний дараа 2015 оны 2-р сараас 4-р сар дуустал хүлээн авсан ба Нэйтэн маань ЛГБТ Төвийн дэмжигч залуустай “Хайрын автобус” төслийг хэрэгжүүлсэн билээ. Цаашдаа энэхүү хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх санхүүжилт босгохоор бид ажиллаж байна. Уран бүтээлчийн хувьд Нэйтэн Стөүнхэм нь Австралийн урлагийн дээд шагнал болох Кёрк Робсоны нэрэмжит Австралийн урлагийн зөвлөлийн шагналыг 2016 оны эхээр хүртсэн билээ. Нэйтэний вэб хуудсаар зочлоорой.