ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨР

Эрүүл мэндийн хөтөлбөрийн зорилго нь Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг ЛГБТИ хүмүүст ээлтэй, хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг арилгах, ЛГБТИ олон нийтдээ эрүүл мэндийн мэдлэг олгох мөн ЛГБТИ хүмүүсийн онцлог хэрэгцээнд нийцсэн эмчилгээ үйлчилгээг эрүүл мэндийн байж болох дээд жишгээр авах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилгын хүрээнд Эрүүл мэндийн хөтөлбөр нь ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдал болон тулгарч буй асуудлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа хийх, түүнийхээ үр дүнд тулгуурлан эрүүл мэндийн салбарын бүх түвшинд ЛГБТИ хүмүүстэй ажиллах соёлын болон техникийн чадамж үүсгэхийн төлөө ажилладаг.

Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээн дэх үйл ажиллагаа:

  • Эрүүл мэндийн тухай хууль, эрх зүйн баримт бичгүүдэд ЛГБТИ хүмүүсийг үл ялгаварлах асуудлыг багтаах нөлөөллийн ажил хийх
  • Эрүүл мэндийн институцуудтэй холбоо тогтоон, хамтарч ажиллах
  • Сэтгэцийн эрүүл мэндийн салбар дахь ЛГБТИ хүмүүст хүргэж буй үйлчилгээг сайжруулах
  • Их дээд сургуулийн эрүүл мэндийн боловсролын сургалтын агуулгад ЛГБТИ хүмүүсийн онцлог хэрэгцээний асуудлыг багтаах нөлөөллийн ажил болон сургалт хийх
  • Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд ЛГБТИ хүмүүсийн тухай ойлголт, онцлог хэрэгцээний талаарх төрөл бүрийн сургалт хийх
  • ЛГБТИ олон нийтдээ эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Трансжендэр хүмүүсийн хүйсийн шилжилтийн талаар нарийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгцээтэй байгууллагуудтай холбох
  • 24 цагийн тусламжийн утас ажиллуулах

Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн сургалтууд, төслүүд:

  1. ЛГБТИ хүмүүстэй хэрхэн ажиллах талаарх сэтгэл зүйч, сэтгэцийн эмч ажилчид, багш нарт зориулсан 1 өдрийн сургалт, Мириям Эхренберг, 2011 оны 8-р сар
  2. ЛГБТИ хүмүүстэй хэрхэн ажиллах талаарх нийгмийн ажилчид, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч ажилчид, багш нарт зориулсан 2 өдрийн сургалт, Жүүлий Кох, 2015 оны 6-р сар
  3. 2015 оны 7-р сараас хойш ажиллаж буй 24 цагийн тусламжийн утас
  4. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн эмч нарт ЛГБТИ хүмүүсийн онцлог хэрэгцээний талаарх сургалт, 2016 оны 9-р сар
  5. СЭМҮТ-ийн эмч, ажилтнуудад ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээний талаарх 2 өдрийн сургалт, 2017 оны 5-р сар
  6. Нийгмийн ажлын багш нарт БЧБХБИ-ийг сургалтын хөтөлбөрт багтаах асуудлаар сургалт (Залуучууд болон Эрүүл мэндийн хөтөлбөрүүд), 2017 оны 5-р сар
  7. ЛГБТИ хүмүүст хөндөгдөх эрүүл мэндийн 10 асуудал гарын авлага (“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн 2016 оны төгсөгчид болон Эрүүл мэндийн хөтөлбөрийн хамтарсан төсөл)

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨР

Асуулт хариулт

“Эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэж эрүүл мэндийн тухай хуулиудад тайлбарласан байдаг. Тиймээс эрүүл байна гэдэг нь бие махбодийн эрүүл саруул байдлыг хэлээд зогсохгүй сэтгэц болон нийгмийн орчны хувьд эрүүл саруул байх цогц ойлголт юм.

Өдөр тутмынхаа амьдралд ялгаварлан гадуурхалт амсдагаас үүдэн ЛГБТИ хүмүүс өсвөр наснаасаа насанд хүртлээ, насанд хүрсэн хойноо ч сэтгэл зүйн хувьд маш их стресс үүрч амьдардаг. Энэ нь үргэлжилсээр хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, өөртөө хор хөнөөл хүргэх зан үйл (архи, тамхи хэрэглэх, өөрийгөө зүсэх гэх мэт), амиа хорлоход хүргэх эрсдэлтэй байдаг учир ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал асуудалд тооцогддог.

Монгол Улсын хувьд амиа хорлох үзэгдэл бүстээ хоёрт буюу Өмнөд Солонгосын дараа ордог нь нэн цочирдмоор тоо. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээсээ үүдэн хэдэн хүн амиа хорлоход хүрч байгаа талаар нарийн судалгааг Монгол Улсын эрүүл мэндийн салбар, ЛГБТ Төвөөс хийгээгүй ч бусад улсын статистик үзүүлэлтийг харвал ЛГБТИ өсвөр насныхан болон наснад хүрэгсэд нийгмийн сөрөг хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэн амиа хорлох эрсдал ЛГБТИ биш хүмүүсийнхээс 4 дахин их байдаг нь судлагдсан байдаг.

ЛГБТИ хүн байлаа гээд эрүүл мэндийн асуудлууд нь бусад хүнийхээс өөр гэсэн үг биш ч, нийгэмшил, орчин гэх мэт бодит, ялгаатай байдлаас үүдэн зарим онцгой асуудлууд зайлшгүй үүсдэг. ЛГБТИ хүмүүст хамгийн чухал тулгардаг эрүүл мэндийн асуудал бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудал. Өдөр тутмын стресс, ялгаварлан гадуурхалтаас үүдэн байнгын сэтгэл гутралтай байдаг нь олон төрлийн өвчлөлийн шалтгаан болохоос гадна хорт зуршил (жишээлбэл архи тамхины хэтэрсэн хэрэглээ, түүнээс үүдэх таргалалт, даралт ихсэх, зүрх судасны өвчнүүд гэх мэт), амиа егүүтгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

ЛГБТИ хүмүүсийг нийтэд нь бэлгийн цөөнх гэж тодорхойлдог ч лесбиян, бисексуал эмэгтэйчүүд, гей, бисексуал эрэгтэйчүүд, трансжендэр хүмүүс ба интерсекс хүмүүс тус бүртээ онцлог эрүүл мэндийн хэрэгцээтэй байдаг ба түүндээ тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх эрх нь одоог хүртэл хязгаарлагдмал байсаар байна. Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн хувьд стрэйт эмэгтэйчүүдтэй харьцуулвал жин, хорт зуршил гэх мэтээс хамааралтай зүрх судасны өвчлөл, хөх болон умайн хорт хавдрын эрсдэл илүү байх гэх мэт халдварт бус өвчний эрсдэл, хиймлээр үр суулгах, хүүхэдтэй болох гэх мэт нөхөн үржихүйн асуудлууд нэн чухлаар тавигддаг бол гей, бисексуал эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн зан үйлтэй холбоотой халдварт бус андрологийн олон асуудал нэн түгээмэл. Харин трансжендэр хүмүүсийн хувьд хүйсийн шилжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нэн тэргүүлэх байр сууринд байдаг бол интерсекс хүүхдүүдийн хувьд насанд хүртэл нь тэдний бие эрхтэнд мэс засал хийлгэхгүй байх, бүрэн мэдээллийн үндсэн дээр шаардлагатай эмчилгээ хүртэх нь нэн чухал байдаг. 

ЛГБТИ хүмүүсийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээс эхлэн бусад төрлийн эрсдлүүдийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд тооцон үзэж, урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эсвэл ямарваа эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа шаардлагатай тохиолдолд хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээг ялгаварлан гадуурхалтгүй үзүүлэх ёстой.

Өдөр тутмын ялгаварлан гадуурхалт, нийгмийн буруу ойлголт, сөрөг хандлагаас болж ЛГБТИ хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах болон бусад хорт зуршилтай байх нь их байдаг. Сүүлийн үеийн олон судалгаанууд ЛГБТИ хүмүүс стрэйт хүмүүстэй харьцуулахад 2 дахин илүү тамхидалттай байдгийг харуулдаг. Энэ нь цаашлаад эдгээр хорт зуршлуудаас үүдэлтэй маш олон өвчний эх үүсвэр болж эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэдэг. Мөн архи, тамхи болон бусад бодисын хэрэглээний урт хугацааны нөлөө нь нас ахих тусам бие махбод болон сэтгэцэд ноцтой өөрчлөлт үүсгэх аюултай ба даамжирвал ажил сургууль, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж эхлэх тул мэргэжлийн хүмүүсийн тусламж зайлшгүй шаардлагатай болдог. 

Халдварт бус өвчнүүдийн хувьд лесбиян, бисексуал эмэгтэйчүүд стрэйт эмэгтэйчүүдээс илүү жин, хорт зуршил гэх мэтээс хамааралтай зүрх судасны өвчлөл, хөх болон умайн хорт хавдрын эрсдэл үүрдэг. Хүүхэд гаргаагүй лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн хөх болон умайн хоргүй болон хорт хавдартай болох эрсдэл маш их байдаг ч урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагддаггүйгээсээ өвчилснөө мэдэлгүй хүнд шатанд орсных нь дараа оношлуулах явдал түгээмэл байдаг. Ихэнх лесбиян, бисексуал эмэгтэйчүүд зөвхөн эмэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордгоо аюулгүй гэж үзсэнээс үүдэн эмэгтэйчүүдийн эмчид ханддаггүй нь ийн бусад өвчнийг эрт оношлох боломжийг хаадаг. Халдварт өвчнүүдийн хувьд лесбиян, бисексуал эмэгтэйчүүд бэлгийн идэвхт амьдралтай л бол ямар хүйсийн хүнтэй бэлгийн хавьталд орж байгаагаас үл хамааран тодорхой хэмжээний эрсдэл үүсдэгийг ойлгож, аль болох аюулгүй бэлгийн хавьтлыг эрхэмлэх ёстой.

Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өөр нэг түгээмэл асуудал нь хиймлээр үр суулгах, хүүхэдтэй болох байдаг. Их Британи болон бусад улсад лесбиян, бисексуал хосуудад эрүүл мэндийн даатгалын хүрээнд хиймлээр үр суулгах ажилбар үнэгүй хийгддэг нь эдгээр хосын гэр бүлтэй болох анхдагч хүний эрхийг нь бүрэн хүндэтгэсэн эрх зүйн зохицуулалт болдог. Харамсалтай нь Монголд ийм төрлийн зохицуулалт байдаггүй ба ийм зохицуулалтыг бий болгох асуудлаар ЛГБТ Төв ажиллаж байна.

“Гей залуучууд” гэхээр харамсалтай нь “ХДХВ ба ДОХ” гэж хүмүүс боддог нь нууцгүй зүйл. Тэр утгаараа гей, бисексуал эрчүүдийн эрүүл мэндийг зөвхөн энэ өвчний хүрээнд ойлгодог нь тун хангалтгүй. 1980-аад оны эхээр барууны орнуудад хурдацтайгаар тархаж байх үед гей болон бисексуал залуучуудын дунд нилээд ажиглагдсан учир тухайн үед “гей хар тахал” гэсэн буруу нэршилтэй байсан ч сүүлдээ ямарваа эрсдэлт бэлгийн зан үйлээс болж ямар ч насны, ямар ч хүйсийн, ямар ч бэлгийн чиг баримжаатай хүмүүст халдаж болох халдвар гэдэг нь тогтоогдсон ба сүүлийн жилүүдийн судалгаагаар хөгжиж буй орнуудад эсрэг хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дунд нилээд их тархаж байгаа өвчин. Монголын хувьд гей залуучууд байнга сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж буй утгаараа гей залуучуудын дунд илүү тархсан мэт харагдаж байгаа нь үнэн.

Гей, бисексуал эрэгтэйчүүдийн хувьд ХДХВ-ээс гадна эрүүл мэндийн олон асуудалтай тулгардагийн ихэнх нь бэлгийн болон нөхөн үржихүй, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байдаг. Залгиур, улаан хоолой, анус болон шулуун гэдэсний ургацаг ургах, шамбарам үүсэх, залгиур, улаан хоолой, түрүү булчирхайн хорт хавдар гэх мэт нь халдварт бус эрүүл мэндийн эрсдэл бол сэтгэл гутралаас үүдэлтэй архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь түгээмэл үзэгдэл.

Өөрийн мэдэрч буй хүйстээ биеэ болон харагдах байдлаа нийцүүлэхийн тулд трансжендэр хүмүүс хүйсийн шилжилтэд ордог. Хүйсийн шилжилтэд олон төрлийн эмнэлгийн ажилбар болон эмчилгээ багтдаг. Мэргэжлийн хүмүүс трансжендэр хүмүүсийн хүйсийн шилжилтийг сэтгэл зүйн, дааврын эмчилгээ, мэс ажилбар гэсэн дарааллаар хийхийг зөвлөдөг боловч хувь хүн өөрөө аль эмчилгээг хийх вэ гэдгээ өөрөө сонгох эрхтэй. Трансжендэр хүмүүс өөрийн хүслээр л хүйсийн шилжилтэд орох ёстой. Бусдын шахалтаар сэтгэц, дааврын эмчилгээ болон аливаа мэс заслын ажилбар хийлгэх үзэгдэл зарим улсад байсаар байгаа нь тун харамсаар ба энэхүү үзэгдлийг олон улсын хуулиар эрүү шүүлтийн нэг хэлбэрт тооцдог. Трансжендэр байдлын тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу.

Дааврын шилжилтэд орохоор шийдсэн транс хүмүүс өөрийгөө мэдэрч, тодорхойлдог хүйсийн дагуу амьдарч чадах эсэхээ өөрөө үнэлэхээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээр үнэлүүлж, түүнээс туслалцаа, дэмжлэг авсны үндсэн дээр дааврын эмчилгээгээ эхлэх боломжтой. Дааврын эмчилгээ бүх насаар хийгддэг эмчилгээ тул дааврын шилжилтэд орохоосоо өмнө дааврын шилжилтийн эерэг болон сөрөг тал, эрсдлийн талаар Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежертэй ярилцан, бүрэн мэдээллийг авснаар хүйсийн шилжилтийнхээ үйл явцыг эхлүүлэх боломжтой.

%d bloggers like this: